Цаг үеийн мэдээ

Өчигдөр буюу энэ сарын 27-ны өдөр ОХУ-аас Алтанбулаг, Сүхбаатар боомтоор татан авсан 230 оюутан, иргэнийг Улаанбаатар хот хүртэл галт тэргээр тээвэрлэж, ХӨСҮТ болон тусгаарлах байрууд руу автобусаар хүргэх ажлыг УОК, МХЕГ, ОБЕГ, ЦЕГ, ХӨСҮТ, ЗӨСҮТ зэрэг мэргэжлийн албад яг одоо зохион байгуулж байна.

Энэ сарын 26-нд ОХУ-аас 170 иргэнээ татан авсан ба өчигдөр тусгаарлах байрууд руу шилжүүлжээ. Мөн өчигдөр боомтуудаар 600 орчим иргэн, оюутныг татан авсан ба тэдний 230 иргэнийг тээвэрлэх үйл ажиллагааг яг одоо зохион байгуулж байна.

Тус 230 иргэнээс 21 сэжигтэй хүнийг тусад нь тээвэрлэн ирж байгаа ба тэднийг хамгийн түрүүнд галт тэргээс буулган ХӨСҮТ рүү шилжүүлнэ. Дараа нь үлдсэн зорчигчдыг галт тэргэнд суусан дарааллаар нь эхэлж буулгах юм. 

Нийт зорчигчдын биеийн байдалд тандалт хийж сэжигтэй тохиолдлуудыг тусад нь зөөвөрлөн ирж байна. Татан авах ажиллагаа нарийн дэс дараатай, стандартын дагуу хэрэгжиж байгаа юм. Улсын мэргэжлийн байгууллагын ажилтнууд татан авах энэхүү үйл ажиллагааны үеэр бүгд өөр өөрийн чиг үүргийн дагуу, хоорондоо нягт холбоотойгоор ажилласаар байна.

Таны сурталчилгаа