АНУ-ын Миннесота мужид өнгөт арьстан эрэгтэй цагдаа нарын гарт амиа алдсаныг эсэргүүцсэн жагсаалд олон зуун хүн нэгдээд байна.
“Би амьсгалж чадахгүй байна” хэмээн дуу хоолойгоо нэгтгэсэн жагсагчид хотын цагдаагийн байрны гадна жагсаж, зарим нь дотогш нэвтрэхийг оролджээ. Энэ үеэр цагдаа нар жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий хэрэглэсэн байна. Хариуд нь жагсагчид цагдаагийн байрны цонхыг хагалж, цагдаагийн машиныг будгаар шүршсэн байна.
Өнгөт арьст иргэн Жорж Флойдын аминд хүрсэн цагдаагийн дөрвөн ажилтныг ажлаас нь халсан юм. Харин жагсагчид сэжигтэнтэй хэрцгий харьцаж аминд нь хүрсэн цагдаа нарт ял оноож, хорихыг шаардаж байгаа юм.
Энэ даваа гарагт зэвсэггүй, гараа гавлуулсан хохирогч Жорж Флойдын хүзүүн дээр цагдаа нар 10 минутын турш өвдөглөж, амь насыг нь хохироосон хэргийг нотлох дүрс бичлэг нийгмийн сүлжээнд тавигдсан юм. Хохирогч энэ үеэр “Би амьсгалж чадахгүй байна” хэмээн хэд хэдэн удаа хэлсэн бөгөөд хөдөлгөөнгүй болсных нь дараа ч гэсэн цагдаа хүзүүн дээр нь өвдөглөсөн хэвээр байсан нь дүрс бичлэгээс харагдаж байгаа юм.
Энэ хэрэг нь АНУ-д өнөөг хүртэл арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл оршсоор байгаагийн бас нэгэн тод жишээ боллоо хэмээн жагсагчид үзэж байгаа юм.
Эх сурвалж: aljazeera