“Шик хатагтайн зөвлөгөө” номыг бүтээгч, зохиолч Женнифер Л.Скотт Өмнөд Калифорнийн их сургуулийг жүжигчний мэргэжлээр төгсчээ. Тэрээр их сургуулийн гуравдугаар курст байхдаа Францын Сорбонн их сургууль болон Парис Америкийн их сургуульд солилцооны хөтөлбөрөөр сурахаар зорьсон байна. Тэрээр суралцах хугацаандаа Парисын угсаа сайт гэр бүлд амьдрах болсноор хатагтай Шиктэй учирч, түүний төгс гэмээр амьдралаас суралцжээ.
– Та өөрийгөө манай уншигчддад танилцуулаач?
– Намайг Женнифер Л. Скотт гэдэг. Би Калифорнийн Санта Моника хотод амьдардаг, зохиолч бүсгүй байна. Би нөхөр, хоёр охин мөн чивава нохойн хамт Калифорни мужийн Санта Моникад амьдардаг.
– Таны бичсэн “Шик хатагтайн зөвлөгөө” ном дэлхийн олон мянган уншигчдын ширээний ном болжээ. Энэ ном бичигдэх болсон шалтгаан юу байсан бэ?
– Миний хүүхэд насны мөрөөдөл бол зохиолч болж, олон сайхан ном бичихийг хүсдэг байлаа. Тиймээс эхний ээлжинд бичих зуршлыг бий болгохын тулд
блогоо эхлүүлсэн юм. “Madame Chic”-ийн сургамжууд эхлээд миний блогт цуврал болон бичигдэж эхэлсэн л дээ. Би түүнийг “Парист амьдарч байхдаа сурсан 20 шилдэг зүйл” гэж нэрлэсэн. Энэ сэдвээр блогтоо бичсэн зүйлс маш их байсан тул ном бичих хэрэгтэй гэдгээ мэдсэн. Маш олон сэдэв болж байсан тул сэдэв бүрийг гүнзгийрүүлэн эмхэтгэн “Шик хатагтайн зөвлөгөө” (Парист суралцсан минимал амьдралын 20 нууц) хэмээх энэхүү номоо гаргасан.
Энд нэг нууцыг хуваалцахад номоо бичиж байхдаа хэзээ ч ийм амжилтыг олно гэж бодож байгаагүй. Хэрэв надад аз тохиовол номыг маань хэдэн зуун хүн л унших байх гэж бодож байсан. Гэвч ном маань хэвлэгдсэнээс хойш олон улсын хэмжээнд олон мянган хүн хүлээн зөвшөөрсөн. Энэ үнэхээр гайхалтай.
– Таны номонд хатагтай Шик өглөө бүр өөрийгөө гайхалтай сайхан бэлдэж, гэр бүлийн гишүүдийнхээ өглөөний ундыг баяр баясал дүүрэн бэлтгэдэг тухай өгүүлдэг. Та уг зөвлөмжийг өөртөө хэрэгжүүлдэг үү?
– Тиймээ, хатагтай Шик бол маш гайхалтай, бүх зүйл нь төгс гэмээр эмэгтэй. Түүнээс суралцах зүйлс маш их шүү. Өдрийн турш үзэсгэлэнтэй байх нь миний хувьд маш чухал. Тиймээс би өглөөд гэр бүлийн бусад гишүүдээс урьтан 20 минутын өмнө босохыг хичээдэг. Босоод үсээ угаасны дараа 5 минутын хугацаанд хувцаслачихсан байдаг. Миний хувьд дэлхий дээрх дийлэнх эмэгтэйчүүдийн толгойн өвчин болсон хувцас сонгох асуудлаас ангижирч чадсан. Учир нь би капсул хувцасны шүүгээг бий болгосон бөгөөд энэ нь "юу өмсөх вэ?" хэмээх дэлхийн хамгийн хэцүү сонголтыг маш хялбар болгож чадсан гэсэн үг юм. Мэдээж дараа нь өөрийн гараар бэлдсэн өглөөний цайгаа ширээн дээр өрчихсөн байхад цэцэрлэг сургууль, ажилдаа явах гэж яарч байгаа хүмүүсийг тайван гэгч цайлаад гаргачихна. Та ч өөрөө стрессдэхгүй.
– “Хатагтай Шикийн зөвлөгөө” номонд та "10 зүйлтэй шкаф" гэсэн санааг танилцуулдаг. Та энэ ойлголтын талаар илүү дэлгэрэнгүй ярихгүй юу? Та өөрөө 10 зүйлийн дүрмийг хэр зэрэг дагаж мөрддөг вэ?
– Та хувцасны шүүгээндээ арван ширхэг хувцастай болсноор хэт их хувцастай шүүгээний дарангуйллаас ангижрах юм. Бидний ихэнх нь хэтэрхий олон хувцастай байдаг. Тэр нь бидэнд тийм ч их тохироод байдаггүй хувцас. Түүн дотор бидний өмнө нь хэзээ ч өмсөж байгаагүй хойшид ч өмсөхөөргүй хувцас олон байдаг. Тиймээс та юуны өмнө өөрийнхөө стилийг тодорхойлж, өдөр тутмын амьдралын хэмнэлээ сайтар бодолцсоны эцэст өөрийг тань бүрэн илэрхийлж чадах арван хувцсаа (20 байж болно) сонгож авна. Та яг одоо арван ширхэг хувцас миний стилийг тодорхойлж болно гэж үү? хэмээн гайхаж байж магад. Тэгвэл би танд “хангалттай” хэмээн хариулна. Миний хувцасны шүүгээнд чанартай 3 ширхэг ноолууран цамц, торгомсог нимгэн цамц, даавуун болон ноосон банзал, жийнсэн өмд цэнхэр, хар, цагаан гурван өнгийн сонголттой л байдаг. Харин цүнх, гутал зэрэг бусад дагалдах зүйлсүүдийг та мэдээж өөрөө зохицуулчихдаг болно. Миний дуртай хувцаснууд эгнэн өлгөгдсөн сэлүүхэн шүүгээгээ харахад сэтгэл үнэхээр ханамжтай байдаг шүү.
ЙОГ ХИЙХДЭЭ Л ЙОГИЙН ӨМДӨӨ ӨМС
– Сүүлийн үед бүсгүйчүүд маань сайхан хувцаслах дэг жаягийг нэлээд ихээр алдагдуулаад байх шиг санагддаг. Бүсгүйчүүд маань гэрийн ойр зуурт ч тэр, хүүхдээ салхилуулахдаа, сургуулиас нь авахдаа ихэвчлэн йогийн өмд өмссөн харагддаг. Та энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?
– Тийм шүү. Иог хийхдээ л зөвхөн йогийн өмд өмс. Хатагтай Шик гэртээ байхдаа ч сайхан хувцаслаж, гэрийн ажил хийхдээ хормогч зүүж байх дүрмийг баримталдаг эмэгтэй. Мөн гэрийн хажууд байх дэлгүүр орохдоо ч сайхан хүрмээ өмсөж, торгон алчуураа зүүж, уруулаа будаад гарах ёстойг тэр надад үлгэрлэсэн. Юмны учир тохироо гэж их сонин шүү дээ. “Ийм өглөө эрт намайг хэн л харав гэж” хэмээн унтлагын өмд, сэгсгэр үстэйгээ нохойгоо бие засуулахаар гарахад л та эртний анд, экс найз залуутай таарах болно, нээрээ шүү. Тиймээс бүхий л цаг үед сайхан харагд, сайхан харагдах нууцыг эзэмш, яг л франц бүсгүйчүүд шиг.
– Таны номд бүсгүй хүн нууцлаг байх эрдэмд суралцах тухай өгүүлсэн байдаг. Та уншигч бүсгүйчүүдэд нууцлаг байх эхний дүрэм юу болохыг хэлж өгөөч?
– Шикийн гэр аж төрж байсан үеийн нэгэн түүх ярья л даа. Би өглөө сэрээд хөшгөө нээх бүрийд эсрэг талын байрны цонхны цаана нэгэн залуу аягатай кофегоо бариад зогсож байдаг байлаа. Хааяа харц тулгарах үед тэр над руу аягатай кофегоо өргөөд инээмсэглэнэ. Ингээд л боллоо. Би түүнтэй хаа нэгтээ таарч, үг сольж үзээгүй. Ингээд би тэр нууцлагдмал эрд хүчтэй татагдаж эхэлсэн юм. Би тэр эртэй дэлгэцээр үргэлж харьцаж, эсвэл өглөөд таарч элдвийг чалчдаг байсан бол түүнийг тэгтлээ сонирхохгүй байсан биз. Тэгэхээр энэ түүхээр би юу хэлэх гээд байна вэ гэвэл эмэгтэйчүүдийг хэн нэгэнд бүхий л амьдралаа хэт бүү дэлгэж, хэт олон зүйлийг бүү ярьж байгаарай гэж хэлнэ. Аль болох дуугүй байх тусам та бусдын өмнө нууцлагдмал байж, тэр хэрээр сонирхол татам харагдах болно.