Казакстан Улсын Элчин сайд, ноён Жалгас Адылбаев хүсэлт тавьсан дагуу өнөөдөр Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Монгол-Казакстан хоёр улсын хооронд иргэдээ харилцан татан авах захиалгат нислэг үйлдэх талаар санал солилцсон дагуу нислэгийн хугацааны талаар Элчин сайд санал хүсэлтээ илэрхийлсэн байна.
Тус улсын нутаг буцах хүсэлтээ илэрхийлсэн 100 гаруй иргэн манайд байгаагаас дийлэнх нь Баян-Өлгий аймагт байгаа юм.
Харин Казакстан улсаас эх орондоо ирэхээр Монгол Улсын 1000 гаруй иргэн хүсэлтээ ирүүлээд байгаа аж.
Шадар сайд Ө.Энхтүвшин Казакстан улсын засгийн газар үүсээд буй нөхцөл байдлыг даван туулахад чиглэсэн олон арга хэмжээ авч буйд талархал илэрхийлж “Бид Казакстан улс руу захиалгат нислэг үйлдэх төлөвлөгөөтэй байсан. Хугацааны хувьд зургадугаар сарын эхний хагаст гэсэн бодол байна. Учир нь ойрын үед татан авалт хийсэн иргэдийн тусгаарлалтын хугацаа энэ үеэр дуусгавар болно. Танай Засгийн газар ойрын хугацаанд "КОВИД-19" халдварыг бүрэн хяналтандаа авна гэдэгт итгэлтэй байна" гэсэн юм.
Элчин сайд Жалгас Адылбаев цаг гарган, хоёр улсын хооронд харилцан иргэнээ татан авах талаар санал солилцсон явдалд чин сэтгэлийн талархал илэрхийллээ.