Цаг үеийн мэдээ

УБТЗ-ын ХХН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг төлүүлэх анхан шатны шүүхийн шийдвэр өнөөдөр гарчээ.

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэг /Төрийн бус байгууллага аж ахуйн нэгжийн албан тушаалтан бусдад давуу байдал олгож, хууль тогтоомж, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас байгууллагад үлэмж хэмжээний хохирол учруулсан/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн УБТЗ-ын ХХН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарт холбогдох эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тавдугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч Л.Пүрэвбаатарыг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар гэм буруутай нь нотлогдсон гэж үзэж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265.2 дахь зүйл ангид зааснаар зүйлчилснийг шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй ашигтай байдлаар шийдвэрлэх үндэслэлээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265.1-т зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай“ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн байна.

Улмаар шүүгдэгч Л.Пүрэвбаатараас 8.830.443 төгрөгийг гаргуулж хохирогч тал УБТЗ-ХХН-т олгох мөн Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцож шинжээчийн хөлс болох 2.688.000 төгрөгийг мэргэшсэн хөрөнгийн үнэлгээний институтад тус тус олгуулахаар шийдвэрлэжээ.

Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар

Таны сурталчилгаа