Цаг үеийн мэдээ

  Өнөөдөр Өмнөд Солонгост коронавирусний халдварын 40 шинэ тохиолдол илэрсэн нь сүүлийн 49 хоногийн хугацааны хамгийн дээд үзүүлэлт болжээ.

Өмнөх өдөр нь тус улсад 19 шинэ тохиолдол бүртгэгдэж байв. Өнөөдөр илэрсэн тохиолдлуудын 36 нь онлайн худалдааны Coupang Corp компанийн Сөүл хотын баруун дүүрэг дэх агуулахаас гаралтайг тогтоожээ.

Агуулахад ажилладаг нийт 3,600 хүнийг оношилгоонд хамруулаад байгааг Өмнөд Солонгосын Халдварт Өвчний Хяналтын Төв мэдээлсэн байна.

   Coupang компани халдвар тарсан агуулахыг хааж, ариутгах арга хэмжээ авч эхэлснээ мэдээлжээ.

Хөл хорионы үеэр онлайн худалдаа, бараа хүргэлтийн эрэлт нэмэгдэж, Coupang цар тахлаас хамгийн их ашиг олсон компаниудын нэгт тооцогдож байв.

Агуулахаас гаралтай анхны халдвар Бямба гарагт илэрсэн бөгөөд Сөүлийн шөнийн клубээс энэ сарын эхээр дэгдсэн тархалтын нэг хавьтагч байжээ.

    Хэдийгээр халдварын шинэ голомтууд дараалан илэрч байгаа ч өнөөдөр Өмнөд Солонгост 2 сая гаруй хүүхдийн хичээл эхэлж байна. Тус улс энэ сараас сургуулиудаа шат дараатайгаар нээж байгаа юм.

 

 

 

Эх сурвалж: Reuters

Таны сурталчилгаа