Хятадын Ухань хотын “Тайкан” эмнэлэгт коронавирусний халдвар авч хэвтсэн ч долоо хоногийн дараа нас барсан эзнээ нохой нь гурван сар хүлээжээ. “Пэнпай” сонинд мэдээлснээр, 70 настай эзэн нь Уханийн эмнэлэгт өнгөрсөн хоёрдугаар сард хэвтсэн бөгөөд түүний цор ганц асран хамгаалагч байсан аж.
Сяо Бао буюу "Бяцхан эрдэнэс" хоч аваад буй нохой эзнийг нь авч явсан түргэн тусламжийн машиныг даган гүйж, эмнэлэг орчим ирж, эзнээ хүлээсээр үлджээ. Энэ бүх хугацаанд тус эмнэлгийн ажилтнууд, ойр орчмын дэлгүүрийн эзэд Сяо Баод хоол өгч, асарч байсан аж. Уханийн үнэнч нохойн түүх Хятадын олон нийтийн сүлжээгээр түгж, интернет хэрэглэгчид түүнийг үнэнч сэтгэлийн бэлгэдэл болсон алдарт Хачико нохойтой зүйрлэсэн байна.
"Бяцхан эрдэнэс" долоо орчим настай бөгөөд энэ нь хүний 50 настай тэнцэх аж. Гэсэн ч Сяо Бао эрүүл чийрэг бөгөөд эрүүл мэндийн ямар ч асуудалгүй аж. Тус хотын амьтан хамгаалах холбооныхон Бяцхан эрдэнэст шинэ гэр бүл хайж байна.