Ираны хойд хэсгийн Гилян мужид 14 настай төрсөн охиныхоо амийг егүүтгэсэн хэргээр нэгэн эрийг баривчилсан байна. Гэр бүлийнхээ нэр төрийг хамгаалахын тулд үйлдсэн гэх энэ хэрэг нь Ираны охид, эмэгтэйчүүдийн эрхийг боогдуулж, тэдний эсрэг үйлдэгддэг харгис хүчирхийллийн нэгэн тод жишээ болж байгааг хүний эрхийг хамгаалагчид шүүмжилж байна.
Эцгийнхээ гарт амиа алдсан 14 настай Ромина Ашрафигийн хайртай залууг эцэг нь хүлээн зөвшөөрөөгүй байна. Тиймээс охин 35 настай хайртай залуугаа даган эцгийнхээ гэрээс зугтжээ. Тэднийг эрж олсон цагдаа нарт гэртээ харьвал амь насанд нь аюул заналхийлж байгааг охин сануулан хэлж байжээ. Гэвч цагдаа нар үгийг нь үл ойшоон гэрт нь хүчээр хүргэж, эцэгт нь хүлээлгэн өгсөн байна. Эцэг нь охиноо унтаж байхад нь өрөөнд нь орж, охиныхоо толгойг хадуураар тасдсан аймшигт хэрэг өнгөрсөн 7 хоногийн пүрэв гарагт гарсан юм байна.
Шашны хуучинсаг үзлийг агуулсан энэ ноцтой хэрэг Ираны нийгмийг доргиож охид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахыг шаардсан хөдөлгөөн тус улсад өрнөж байна. Эцэг эхийн гэр аюулгүй биш, Ромина охин нэр төрийн төлөөх аллагын анхны бөгөөд сүүлчийн ч хохирогч биш. Хэрэв охид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалсан хууль дүрмийг чангатгаж, хуучны харгис зан заншил, үзэл бодлыг өөрчлөхгүй л бол охид эмэгтэйчүүд цаашид ч гэсэн нэр төрийн төлөөх аллагын золиос болсон хэвээр байх болно гэдгийг Ираны эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагчид хэлж байгаа юм.
Ираны эрүүгийн хуулиар гэр бүлийнхээ нэр төрийг хамгаалж аллага үйлдсэн тохиолдолд хөнгөн ял буюу 3-аас 10 жилийн хорих ял оноодог байна. Харин бусад төрлийн хүн амины хэрэгт хүнд ял болон цаазаар авах ял оноодог байна. Нийгмийг цочирдуулсан энэ хэрэгтэй холбогдуулан Ираны Ерөнхийлөгч Хасан Роухани эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгддэг гэмт хэрэгт оноох ял шийтгэлийг чангатгахаа амалсан байна.
Иран улсад хуулиар зөвшөөрөгдсөн гэрлэлтийн нас эмэгтэй нь 13 нас, эрэгтэй нь 15 нас байдаг байна.
Эх сурвалж: ВВС