Цаг үеийн мэдээ

          БНСУ–д короновирусний халдвар авч улмаар эмнэлэгт эмчилгээнд байсан хүн эдгэрэн гэрийн хяналтад гаргасан ч хоёр цагийн дараа утсаа унтрааж, гадуур чөлөөтэй сэлгүүцжээ. 

Хөл хорионы дэглэм зөрчсөн 27 настай уг залууг Янжу дахь хорио хяналтын газар хүргэсэн ч 4 цагийн дараа зугатасан тул  шоронд хорих ялаар шийтгэсэн байна.  

          Шүүхээс  "эрсдэлтэй газраас гарч гадуур сэлгүүцсэн нь бусдад халдвар тараах маш хорон санаатай үйлдэл"  гэж онцолсон тул уг иргэнийг 4 сар хорихоор болсон байна.

Мөн хэд хоногийн өмнө коронавирусний халдварын 36 шинэ тохиолдол  онлайн худалдааны "Coupang Corp" компанийн Сөүл хотын баруун дүүрэг дэх агуулахаас илэрсэн билээ.

Агуулахад ажилладаг нийт 3,600 хүнийг оношилгоонд хамруулаад байгааг Өмнөд Солонгосын Халдварт Өвчний Хяналтын Төв мэдээлсэн байна. Онлайн худалдааны агуулахын ажилчдын малгай, гутлын ул, бараа бүтээгдэхүүний цаасан хайрцагны гадна талаас короновирус илэрсэн байна.

        Судалгаагаар хүргэлтийн бараа халуун битүү орчинд хадгалагдан тээвэрлэгддэгээс үүдэн коронавирус 12 цагаас дээш хугацаанд халдварлах чадвараа хадгалдаг болохыг тогтоожээ.

Тиймээс иргэд дэлгүүрээс авсан бараа бүтээгдэхүүнийхээ сав баглаа боодолд ариутгал хийсний дараа хэрэглэхийг анхааруулжээ.

       Хөл хорионы үеэр онлайн худалдаа, бараа хүргэлтийн эрэлт нэмэгдэж, Coupang цар тахлаас хамгийн их ашиг олсон компаниудын нэгт тооцогдож байжээ.

 

Таны сурталчилгаа