Цаг үеийн мэдээ

Мэргэжлийн хяналтын байгууллагаас Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу эх үрсийн баярын хүрээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийгээд байна. Шалгалтаар нийт 309 аж ахуйн нэгж байгууллага, 140 иргэнийг уг шалгалтад хамруулсан юм.

449 газрыг хамруулсан хяналт шалгалтаар 560 орчим  зөрчлийг илрүүлжээ. Иймд хүүхдийн бэлэг сонгохдоо сав баглаа боодлын бүрэн бүтэн байдал, хадгалах хугацаа, хадгалалтын горим алдагдсан эсэх, хаяг шошгыг сайтар нягтлахыг анхаарууллаа.

Мөн хүүхдийн бэлэгний сахарын агууламжид анхаарлаа хандуулахыг зөвлөж байгаа юм. Учир нь нэг ширхэг жүүс, нэг жигнэмэг, 3 төрлийн чихэр, түүнтэй төст бүтээгдэхүүн, нэг ширхэг шоколад буюу 6 ширхэг бүтээгдэхүүн орсон дундаж бэлэгний сахарын агууламжийг тооцож үзэхэд ойролцоогоор 412 грамм сахар агуулагддаг гэсэн судалгаа бий.

Энэ нь ЭМЯ-аас гаргасан зөвлөмжөөр насанд хүрсэн хүний өдрийн сахарын хэрэглээ 25 грамм байдагтай харьцуулан үзэхэд даруй 16.5 дахин их байна.

Сахарын агууламж өндөртэй хүнсний бүтээгдэхүүнийг нэг дор их хэмжээгээр хэрэглэх нь хүүхдийн шүдийг өвчлүүлэх эрсдэлтэйгээс гадна хүүхдэд цатгалан мэдрэмжийг төрүүлж улмаар хоолны дуршлыг бууруулдаг. Энэ байдал удаан хугацаанд үргэлжилбэл хүүхэд шим тэжээлийн дутагдалд орох эрсдэлтэй юм.

Таны сурталчилгаа