Цаг үеийн мэдээ

АНУ-ын Миннесотад үйлдэгдсэн цагдаагийн шаардлагагүй хүчирхийллийн улмаас нэгдсэн улсын олон хотуудад эсэргүүцлийн жагсаал, тэмцэл өрнөж байна. Зарим жагсаалууд нь дэлгүүр, үйлчилгээний газруудыг дээрэмдэн тонох, галдан шатаах, машинуудын шилийг хагалах, цагдаагийн газрын хэсгийн байруудыг сүйтгэж шатаах үйлдлүүдээр илэрч байна. Жишээлбэл: Миннесота хотод галдан шатаагдаж, дээрэмдэн тонуулсан 170 орчим дэлгүүрийн тэн хагас нь өнгөт арьст эзэнтэй гэнэ. Архины дэлгүүр, бэлэн хувцасны дэлгүүр, фитнесс төв хамгийн их хохирол амссан байна. Өнөөдрийн байдлаар Миннесота, Вашингтон, Хьюстон, Сан Хосе, Даллас, Атланта, Нью-Йорк, Лос Анжелес зэрэг олон хотуудад жагсагчид хурдны зам хаах, цагдаа нартай мөргөлдөх, жагсаал хийх зэргээр эсэргүүцлээ илэрхийлж байна.

Амь насаа алдсан Жорж Флойдын хэргийн улмаас иргэдийн анхаарал коронавирус цар тахлаас хөндийрч, гудамжинд олноороо цуглан жагсах, эсэргүүцлээ илэрхийлэх тэмцэлд нэгдэж эхэллээ. Эргэн сануулахад орон нутгийн цагаар даваа гарагт Миннесота муж улсын цагдаагийн ажилтнууд хүч хэтрүүлэн хэрэглэсэн буюу гавлаад баривчилчихсан хүний ар хүзүүн дээр нь 10 орчим минут өвдөглөсөөр байгаад аминд нь хүрсэн юм.

Зөвхөн ажлаас нь халах төдий арга хэмжээ авсанд дургүйцсэн АНУ-ын олны танил алдартнууд, супер одууд ээлж дараалан мэдэгдэл хийж, сошиал хуудсуудаараа үзэл бодлоо илэрхийлэн, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг хүчтэй шүүмжилсэн. Үүний хүчинд л уг хэрэг олон нийтийн анхаарлын төвд очиж, Флойдын аминд хүрсэн гэгдэж буй экс цагдаагийн ажилтан Дерек Шаувинд хэрэг тулгаж эхэллээ. Флойдыг өвдөглөсөөр аминд нь хүрсэн Дерек Шаувинд “3 дугаар зэрэглэлийн хүн амины хэрэг” үүсгэсэн ч, сэжигтэн Дерекийг батлан даалтанд гарсан эсэх, барьцааны мөнгө төлж суллагдсан эсэх талаар ямар ч мэдээлэл алга байна.

Д.Жаргалсайхан 

Таны сурталчилгаа