SpaceX компанийн сансрын хөлгөөр хөөрсөн Америкийн сансрын нисгэгчид дэлхийн тойрог замд байрлах олон улсын сансрын станцид /ОУСС/ амжилттай хүрсэн байна. Дуглас Харли, Роберт Бенкен нар дэлхийгээс 422 км-ийн өндөрт орших сансрын төвд хүрэхийн тул 19 цагийн турш ниссэн байна.
Бямба гарагт Флоридагаас хөөрсөн “Драгон” хөлөг төлөвлөгөөний дагуу станцтай автомат горимоор амжилттай залгагджээ. Эх дэлхийгээс очсон сансрын нисгэгчид даралт, биеийн халуунаа шалгасныхаа дараа ОУСС руу нэвтэрч, тэнд ажиллаж байгаа Америкийн сансрын нисгэгч Крис Кэссиди болон Оросын сансрын нисгэгчид Анатолий Иванишин, Иван Вагнер нартай нэгдсэн байна.
Сансар судлалын НАСА агентлаг 9 жилийн өмнө буюу 2011 онд сансрын хөлгүүдээ бүгдийг нь тэтгэвэрт нь гаргаж ашиглахаа больсноор, өнгөрсөн хугацаанд Америкийн сансрын нисгэгчид Оросын хөлгөөр ОУСС-ыг зорьж байсан юм. Харин Америкийн нутаг дэвсгэрээс хөөрсөн энэ удаагийн нислэг нь дэлхийн сансрын түүхэнд бичигдсэн чухал үйл явдалд тооцогдож байгаа юм.
Учир нь сансрын нисгэгчид өмнө нь зөвхөн аль нэг улсын засгийн газрын сансрын хөлгөөр нисдэг байсан бол энэ удаад дэлхийн түүхэнд анх удаагаа хувийн компани сансарт хүн нисгэсэн юм. АНУ-ын тэрбумтан Илон Маскийн 2002 онд байгуулсан SpaceX компани ийнхүү сансарт хүн хөөргөсөн дэлхийн анхны хувийн компани болж түүхэнд нэрээ үлдээлээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Кеннедийн нэрэмжит сансрын буудалд өөрийн биеэр очиж энэхүү түүхэн нислэгийн гэрч болсон юм.
Эх сурвалж: ВВС