Цагаан арьст цагдаагийн гарт амиа алдсан өнгөт арьст эрийн үхэлтэй холбоотойгоор АНУ-д үүсээд байгаа эмх замбараагүй байдал хүрээгээ тэлж 40 гаруй хотыг хамран, 6 дахь өдрөө үргэлжилж байна.
Жагсагчид болон цагдаа нарын хоорондох мөргөлдөөн ширүүсч, цагдаагийн машинуудыг галдан шатаах ажиллагаа болон дэлгүүрүүдийг тонон дээрэмдэх явдал газар авч байгаатай холбоотойгоор АНУ-ын 10 гаруй хотод мөргөлдөөний эсрэг хөл хорио тогтоогоод байна. Тодруулбал Миннеаполис, Вашингтон, Лос-Анжелес, Майами, Портлэнд, Сан-Франциско, Чикаго, Атланта, Индианаполис, Филадельфиа, Денвер, Детройт болон зарим хотуудад оройн 20:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл хөл хорио тогтоож, иргэдийг гадагш гарахыг хориглоод байна. Гэвч хөл хорио тогтоосныг үл харгалзан иргэд гудамж талбайд гарч эмх замбараагүй байдал үүсгэсэн хэвээр байна.
46 настай өнгөт арьст эр Жорж Флойдыг цагдаагийн ажилтан баривчлах үедээ хүзүүн дээр нь 10 минутын турш өвдөглөж амийг нь хороосон хэргээс үүдэлтэй үймээн самууныг дарах зорилгоор АНУ дэлхийн 2 дугаар дайнаас хойш анх удаагаа Үндэсний гвардын бие бүрэлдхүүнийг дайчилж, хамгаалалтад гаргаад байна. АНУ-ын үндэсний гвардын 5000 цэргийг нийслэл Вашингтоноос гадна бусад 15 мужид байршуулсан байна.
Эх сурвалж:ВВС