Нефть экспортлогч орнуудын байгууллага /ОПЕК/ нефтийн олборлолтоо зургадугаар сараас хойш дахин танах эсэх асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэхээр төлөвлөж буй үед нефтийн үнэ өнөөдөр нэг орчим хувиар унажээ.
“Brent” маркийн нэг торх нефтийн наймдугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 34 центээр буурч, 37.50 ам.долларт хүрсэн бол “WTI” маркийн нефтийн долдугаар сард нийлүүлэх үнэ 32 центээр буурч, 35.17 ам.долларт хүрсэн байна.
“ОПЕК” нефтийн олборлолтоо сүүлийн хорин жилд байгаагүйгээр бууруулж, улс орнууд эдийн засгаа сэргээж эхэлсэнтэй холбоотойгоор тавдугаар сард нефтийн үнэ ихээхэн өсөлт үзүүлсэн юм. “ОПЕК+”-ын уулзалтаар ямар шийдвэр гарах нь олон нийтийн анхаарлыг ихэд татаж байна гэж “OCBC” банкны эдийн засагч Хауи Ли мэдээлжээ.
Дэлхийн улс орнуудад коронавирусний халдварын тархалтыг хязгаарлах үүднээс хөл хорио тогтоож, улмаар нефтийн эрэлт буурсантай холбогдуулан “ОПЕК+” тав, зургадугаар сард олборлолтоо өдөрт 9.7 сая торхоор бууруулах шийдвэрийг дөрөвдүгээр сард гаргасан бөгөөд цаашид хэрхэх эсэхээ энэ долоо хоногт шийдэх төлөвтэй байна. Х.Лигийн мэдээлснээр, "ОПЕК+" олборлолтоо дахин гурван сараар бууруулбал нефтийн үнэ 40 ам.долларт хүрэх боломжтой ажээ.