Армений Ерөнхий сайд Никол Пашиняны коронавирусний шинжилгээний хариу “эерэг” буюу халдвартай гарчээ. Тэрбээр энэ талаар “Facebook” хуудсаараа дамжуулан өнөөдөр мэдэгджээ.
“Миний өгсөн коронавирусний шинжилгээний хариу эерэг гарлаа. Гэр бүлийн гишүүдийн маань шинжилгээ ч мөн халдвартай гарсан. Бидэнд халдварын ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй бөгөөд огт халуураагүй. Бид бүгд өөрсдийгөө тусгаарлаад байна. Миний хувьд гэрээсээ ажиллана” гэж Н.Пашинян мэдээлсэн байна.
"Миний бие ажлын уулзалтын үеэр халдвар авсан байх магадлал өндөр байна. Аюулгүй байдлын дүрмүүдийг сайтар баримталсан тул Засгийн газрын бусад гишүүнд халдвар дамжуулаагүй гэж найдаж байна” гэж Ерөнхий сайд нэмж хэлжээ.
Арменид сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 355 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт халдвар авсан хүний тоо 9282 болжээ. Мөн тухайн хугацаанд 69 өвчтөн эдгэрснээр нийт 3386 хүн эдгэрсэн байна. Тус улсад цар тахлын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш 131 хүн халдвараар нас баржээ.