“ОХУ-ын “Авифавир” эмийг шинэ коронавирусээр халдварласан өвчтөнүүдийн эмчилгээнд ашиглах зорилгоор зургадугаар сарын 11-нээс эмнэлгүүдэд нийлүүлж эхэлнэ” гэж “Известия” сонин мэдээллээ.
ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сангийн мэдээллийг иш татан “Известия” сонинд мэдээлснээр, уг эмийг чөлөөтэй худалдахгүй бөгөөд зөвхөн эмнэлгийн ажилтнуудын хяналтад уух шаардлагатай.
"Авифавир"-ыг ирэх сарын 11-нээс Оросын эмнэлгүүдэд нийлүүлэх ажээ.
“18 мянган боодол “Авифавир”-ыг хэдийн үйлдвэрлэсэн бөгөөд цаашид сард 60 мянгыг, жилд 720 мянгыг үйлдвэрлэхээр төлөвлөж байна” гэж Шууд хөрөнгө оруулалтын сангийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ. “Авифавир” нь ОХУ-ын Эрүүл мэндийн яамнаас зөвшөөрөл авсан бөгөөд эмийн улсын бүртгэлд орсон байна.
ОХУ-д бямба гарагт коронавирусний халдварын 9268 тохиолдол бүртгэгдсэнээр нийт халдвар авсан хүний тоо 405863-т хүрлээ гэж тус улсын коронавирустэй тэмцэх шуурхай штаб өнөөдөр мэдээлжээ. ОХУ-д өдөрт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо тавдугаар сарын 23-наас хойш анх удаа 9000 давсан нь энэ юм.