Стэнфордын их сургуулийн судлаачид коронавирусний халдвартай 114 жирэмсэн эмэгтэйг оролцуулсан 18 удаа судалгаа хийхэд 87.5 хувьд халуурах, 53.8 хувьд ханиалгах, 22.5 хувьд ядрах, сульдах шинж тэмдэг илэрчээ. Түүнчлэн коронавирусний хүндрэлийн улмаас эдгээр эмэгтэйчүүдийн 91 хувь нь кесарев хагалгаагаар төрсөн байна.
БНХАУ-ын Үндэсний эрүүл мэндийн хорооноос зүүн хойд бүс нутагт шинээр бүртгэгдэж байгаа Ковид-19-ийн эмнэлзүйн зарим шинж тэмдэг Ухань хотод гарсан өвчлөлөөс өөрчлөгдсөн талаар мэдээлжээ.
Тухайлбал, халуурах шинж тэмдэг бага, олон эрхтэн тогтолцооны өөрчлөлт цөөн харин уушиг, амьсгалын замын эмгэг шинж тэмдэг зонхилсон байна. Мөн өвчтний эмчилгээ болон эдгэрэлтийн явц удаан байх магадлалтайг онцолжээ.
Сингапурын Халдварт өвчин судлалын үндэсний төв, Анагаах ухааны академийн эрдэмтэд коронавирусний халдвартай 73 хүнд судалгаа хийж, өвчтөн шинж тэмдэг илрэхээс 2 өдрийн өмнө халдвар тарааж эхлэн энэ нь 7-10 хоногийн турш үргэлжилдэг гэж үзжээ.
Москва хотод 50,000 гаруй оршин суугчдын коронавирусний шинжилгээний дүнд үндэслэн тус хотын 1,5 сая хүн буюу 12,5 хувьд нь коронавирусний эсрэг биет үүссэн гэж тооцоолжээ.
Колумбын их сургуулийн эрдэмтдийн судалгаагаар Америкт зай барих дэглэмийг коронавирусний дэгдэлт гарснаас хойш 7 хоногийн дотор, хөл хориог тогтоосон хугацаанаас 14 хоногийн өмнө хэрэгжүүлсэн бол өвчлөл 82 хувь, нас баралт 84 хувиар буурах боломжтой байсан гэж үзжээ.
Ирак улсад хөл хорионы үед нийгмийн сүлжээгээр цацагдаж буй мэдээлэл ард иргэдийн дунд коронавирустэй холбоотой сэтгэл түгшилт үүсгэж байгааг судлаачид тогтоосон байна. Цахим орчинд цаг их зарцуулах тусам сэтгэцийн эмгэгт өртөх эрсдэл өндөр байна гэж эрдэмтэд үзжээ.
Коронавируст халдварын эргэн тойронд: Тандалт, судалгааны тойм-16