Цаг үеийн мэдээ

       Африк-америк гаралтай Жорж Флойд амиа алдсаны улмаас АНУ-д дэгдсэн үймээн самуун, эсэргүүцлийн жагсаалын үеэр доод тал нь 11 хүн амиа алдаад буй талаар өнгөрсөн Мягмар гариг (2020.06.02)-т KTLA суваг мэдээлжээ. Тус хэвлэлд мэдээлснээр, хохирогчид нь Чикаго (Иллинойс), Детройт (Мичиган), Омаха (Небраска), Дэвенпорт (Айова), Окланд (Калифорния), Луисвилл (Кентукки) зэрэг хотын иргэд бөгөөд ихэнх нь африк гаралтай америкчууд байсан аж.

     Окланд хотод Холбооны аюулгүй байдлын албаны ажилтан, 53 настай Дэйв Патрик Андервуд буудуулж амиа алдсан бол хамтрагч нь хүнд бэртжээ. Омаха хотод цагаан арьст эрийг бусадтай бүлэглэн зодсон 22 настай, хар арьст Жеймс Скарлок буудуулж амиа алдсан байна.

ЖОРЖ ФЛОЙДЫГ ЦАГДААД ӨГСӨН ДЭЛГҮҮРИЙН ЭЗЭН ХАРАМСЛАА ИЛЭРХИЙЛЖЭЭ

     Миннеаполис хотын Cup Foods буюу Жорж Флойдыг шалгуулахаар цагдаа дуудсан дэлгүүрийн эзэн гэмгүй хүмүүсийг хөнөөхийн эсрэг хууль батлагдтал цагдаа нарыг дэлгүүртээ оруулахгүй, үйлчлэхгүй гэдгээ мэдэгджээ.

Дэлгүүрийн эзэн Махмуд Абумаяале өнгөрсөн долоо хоногт өөрийн нүүрномдоо жагсагчдын байр суурийг дэмжиж буй болон Жорж Флойдын үхэлд гүнээ эмгэнэж, харамсч буй талаараа нийтлэл бичжээ. Тэрбээр “Манай гэр бүл гурван үе дамжин 31 жилийн турш энэ дэлгүүрийг ажиллуулж, хөршүүддээ үйлчилж байна. Флойдыг харамсалтайгаар нас барсны дараа Хьюстоноос ирсэн гэр бүлтэй нь бид тогтмол холбоо барьж байгаа. Бид цагдаа нарын эсрэг та бүхэнтэй хамт тэмцэх болно. Манай дэлгүүрийн зүгээс Флойдын оршуулгад чадлаараа мөнгө хандивлана” хэмээн бичжээ.

Жорж Флойд өнгөрсөн долоо хоногт Cup Foods дэлгүүрт хуурамч 20 долларын дэвсгэртээр тооцоо хийснээс болж баривчлагдсан юм байна. 

 “Цагдаа нар нийгмийн сайн сайхныг хангаж, иргэдийнхээ төлөө зүтгэх үүрэгтэй боловч эсрэгээр эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, хүмүүсийн итгэлийг эвдэн, хүчирхийлсээр байна. Цагдаа нар бүх хэргийг дэвэргэдэг гэдгийг би ойлголоо. Хуурамч мөнгөөр тооцоо хийсний төлөө түүнийг алж байгаа нь дэндүү шударга бус байна. Энэ хэрэг анхных биш. Үүнтэй ижил зүйлс өмнө нь  тохиолдож байсан. Зүгээр харж сууснаараа бид өөрсдийгөө аюулд оруулж байна. Тиймээс цагдаа нар гэмгүй хүмүүсийг алахаа болих хүртэл бид энэ мэт гэм хоргүй хэргүүдийг цагдаа оролцуулалгүй өөрсдөө тайван замаар шийдэх болно” хэмээн Абумаяале бичсэн байна.

Таны сурталчилгаа