Цаг үеийн мэдээ

Улсын аварга Э.Оюунболдын нэхэмжлэлтэй, Баяр наадмын зохион байгуулах хороонд холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдаан өнөөдөр боллоо.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.Оюунболд өөрийн биеэр оролцох хүсэлт гаргасан тул шүүх хурлыг энэ сарын 17-ны өдөр хүртэл хойшлуулахаар шийдвэрлэжээ.

Ингэснээр уг хурал хоёр дахь удаагаа хойшилж байгаа ба өмнөх хуралдааны үеэр нэхэмжлэгчийн буюу Э.Оюунболдын өмгөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан учраас хойшлуулж байсан юм.

Э.Оюунболд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд холбогдуулан гаргасан “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2019 оны аравдугаар сарын 24-ний өдрийн 08 дугаартай Сэргээшийн шинжилгээний дүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоолын Э.Оюунболдод холбогдох хэсгүүдийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан юм.

Түүнчлэн тавдугаар сарын 12-ны өдрийн урдьчилсан хэлэлцүүлгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хоёрдугаар сарын 18-ны өдрийн 1479 дугаар захирамжийн 1 дэх заалтыг хүчингүй болгуулах /актын биелэлтийг түдгэлзүүлсэн заалт/ хүсэлт тус тус гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгосон гэж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.

Таны сурталчилгаа