Цаг үеийн мэдээ

ЦУВРАЛ 9.

       "Би Зөвлөлт холбоот улс задрах үед төрсөн юм. Миний төрсний гэрчилгээн дээр "Оросын Холбооны Улс" гэж байдаг бол хоёрхон насаар эгч эгчийн маань гэрчилгээн дээр "Зөвлөлт Холбоот Улс" гэж бичигдсэн байдаг юм. Улс орон даяараа хүнд өдрүүдийг туулж байлаа. Ажилгүйдэл, ханш уналт, хадгаламжууд нь хоосорсоор. Боловсролтой хүмүүс ч зүдэрч байлаа. Миний аав ээж хоёулаа их сургуулийн профессорууд байсан ч ээж минь гудамжинд хүнс, гар урлал зардаг боллоо. Дөрвүүлээ жижиг хоёр өрөөнд, эвхэгддэг буйдан дээр унтдаг байв. Ихэнхидээ будааны зутан, шөлөөр хооллодог байсан. Онцгой өдрүүдэд Кока Кола уудаг байв. Бид төрсөн өдрөөрөө 1 лааз Кола, шинэ жилээр 1 лааз Кола уудаг байсан. Гэхдээ би хэзээ ч ядуу байснаа санадаггүй юм. Эгч бид 2 хайр халамжинд умбаж өссөн.

  

       Хуучин зургуудаа үзэхээр аав ээж минь нүүр дүүрэн инээмсэглэсэн байдаг. Аав ээж минь үргэлж инээмсэглэж, амьдралдаа аз жаргалтай байдаг байсныг нь би тод санаж байна. Бидний ганц том өмч хөрөнгө маань өвөөгийн бэлэглэсэн Улаан Лада машин байв. Дулаан үед л асдаг, заримдаа бүр түлхүүлж байж асдаг, жолоочийн сандал нь хэвтээгээрээ гацсан тийм машин байлаа. Гэхдээ л бид зун болгон гараашнаас гаргаж ирээд ахиад нэг жил уначих юмсан гэж залбирдаг байв. Бид Байгал нуурруу явдаг байлаа. Замд маань манай Лада халаад явж өгдөггүй нэг том даваа байдаг, түүнийг л давчихвал тэгээд дажгүй гэж мэддэг байлаа. Машин аахилж уухилаад, аав хэвтээ суудал дээрээ хаазаа гишгээд давдаг байсан.

      Бид бүгдээрээ л Лада маань ахиад нэг аялал хүртэл тэсчээсэй гээд боддог байлаа. Аялалын үеэр би аавдаа тоглоод "Санаа зоволтгүй ээ ааваа, би нэг л өдөр таньд гадаадын ганган машин авч өгнө" гэж хэлдэг байсан. Аав маань инээгээд л өнгөрдөг байв. Би 15 настайдаа гэрээсээ хол явсан. Би Америк-д суралцах шалгалтанд тэнцсэн юм. Би зөндөө их уйлсан, гэхдээ энэ бол алдаж боломгүй боломж байсан юм.

  

      Би 16 настайдаа коллежид элсэж хоёр дипломтой төгсөөд одоо санхүүгийн шинжээчээр ажиллаж байна. Өнгөрсөн жил бид аав ээжийгээ анх удаа аялалд авч явсан. Тайланд руу жинхэнэ аялалд. Гэхдээ аав ээждээ би ганцхан аялал бэлэглээгүй. Ажиллаж эхэлснээсээ хойш би чадах чинээгээрээ мөнгөө хураасан.

  

    Тэгээд аав ээждээ цоо шинэ машин бэлэглэсэн. Азаар бид хямдруулж чадсан юм. Ладагаа үнэлүүлээд шинэ машинаа $200-р хямдруулж авсан." (https://www.facebook.com/mashasdiary/)

Эх сурвалж: Humans of New York

Орчуулсан: Маша

Таны сурталчилгаа