2020.06.06-07-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 428 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 280-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 17 хүн гэмтсэн. Эдгээрийн 4 хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1 хүний амь нас хохирсон байна.
Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:
2020.06.06-ны өглөөний 07 цаг 40 минутын орчим Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Дүнжингаравын замд КТМ мотоцикл онхолдож, жолооч 40 настай, эрэгтэй Э-гийн амь нас хохирсон.
2020.06.06-ны өдрийн 13 цаг 45 минутын орчим Хан-Уул дүүргийн 14-р хороо Өлзийтийн постын замд Beiben маркийн Г жолоочтой ачааны автомашин Toyota Prius-4, Volvo, Toyota Premio, Toyota Sai, Nissan Juke, North Benz, Lexus RX-350, Puso зэрэг 11 автомашинуудыг мөргөж, жолооч 30 настай, эрэгтэй Г, жолооч 32 настай, эрэгтэй А нарын 2 хүн гэмтсэн хэргүүдийг тус тус шалгаж байна.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 54 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодож зам тээврийн осол гаргасан 8 зөрчил бүртгэгдсэн байна.
Амралтын өдрүүдэд бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 15,7 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол 18,3 хувиар, ослын улмаас нас барсан хүн 50,0 хувиар тус тус буурч, ослын улмаас гэмтсэн хүн 3 дахин өссөн үзүүлэлттэй байна.
Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан, автомашиныхаа “ОЙРЫН ГЭРЛЭЭ” асааж Covid-19 халдвараас сэргийлэх уриалгад нэгдэж замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.