БНЭУ-ын Хүний эрхийн Үндэсний Комисс, Гадаад хэргийн яам хамтран Энэтхэгийн Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны чадавх бэхжүүлэх хөтөлбөрийн хүрээнд Азийн зарим орны “Хүний эрхийн үндэсний байгууллагуудын чадавх бэхжүүлэх” сургалтыг 2024 оны арваннэгдүгээр сарын 11-15-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Тус сургалтад Монгол Улсын ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа, С.Дондов, Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ёндонжамц,
Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Тунгалагтамир нар оролцлоо.
Энэхүү сургалт нь хүний эрхийг бэхжүүлэх, хамгаалах, дэмжих чиглэлээр хүний эрхийн үндэсний байгууллагуудын мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэхийн зэрэгцээ БНЭУ-ын сүүлийн 30 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн бодлого, арга хэмжээний туршлагаас хуваалцах зорилготой.
Энэ хүрээнд гомдол хүлээн авч шийдвэрлэх цахим удирдлагын цогц систем, мөрдөн байцаалтын дэвшилтэт механизм, хүний эрхийн шинэ тутам үүсэж буй асуудлууд, бизнес, технологи, тогтвортой хөгжлийн хүний эрхэд үзүүлэх нөлөө, зорилтот бүлгийн эрх хамгаалал, хөгжлийн олон талт хамтын ажиллагаа зэрэг өргөн хүрээний ойлголт, мэдээлэл танилцуулагдлаа.
Сургалтад Монгол, Мальдив, Мьянмар, Непал, Филиппин, Шри-Ланка, Тайланд, Иордан улсуудын хүний эрхийн үндэсний байгууллагуудын төлөөлөл хамрагдав.
Сургалтын үеэр Комиссын гишүүн С.Дондов Мальдив Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүд, төлөөлөлтэй уулзаж, Монгол Улсын хүний эрхийн үндэсний байгууллагын сайн туршлага, хүний эрхийн хамгаалагчийн эрхийг хамгаалах талаар туршлага хуваалцаж, мэдээлэл солилцов.
Мальдив Улс нь хүний эрхийн хамгаалагчийн талаар хууль батлахаар ажиллаж байгаа талаар тус улсын ХЭҮК-ын гишүүд онцолж, Монгол Улс Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлахад Комиссын зүгээс нөлөөллийн болон бусад үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулсан, хууль батлагдсаны дараах үр нөлөөний талаар сайн туршлагыг хуваалцахыг хүссэний дагуу сонирхсон асуултад хариул өглөө.