Эрдэмтдийн дүгнэж буйгаар далай тэнгисийг бохирдуулаад буй их хэмжээний хуванцар хаягдал хамгийн багадаа 450 жилийн дараа задрах юм. Харамсалтай нь ийм гунигт мэдээний хажуугаар томоохон пүүс компаниуд хуванцар хаягдал гаргадаг бүтээгдэхүүнүүдээ үйлдвэрлэсээр байна.
Өдгөө ”Хуванцраас ангижиръя ” олон улсын хөдөлгөөний шинжээчид Кока Кола брэндийг хоёр дахь жилдээ эх дэлхийг хамгийн ихээр бохирдуулж буй компаниар шалгаруулаад байгаад тэдний зүгээс ”Манай компанийн бүтээгдэхүүний савлагаа далай тэнгис болон хүрээлэн буй орчныг бохирдуулж байгаад харамсаж байна. Бид бусдын адил дэлхий даяар тохиолдоод байгаа гамшгийн эсрэг зогсож бохирдлын эсрэг өөрсдийн хувь нэмрээ оруулах болно ” гэж мэдэгджээ.
Өнгөрөгч есдүгээр сард дэлхий даяар 51 улсын 72000 гаруй сайн дурын төлөөлөгчид нэгэн өдрийг хуванцар хаягдал цэвэрлэж өнгөрөөжээ. Тэд далайн эрэг, боомтууд, гудамжнуудаас хуванцар сав, аяга, уут, хуванцраар хийдэг бүгдийг түүж ангилахад хаягдлын 43% нь нэртэй компаниудад харьяалагдаж байжээ.
Нийт 37 улсын 12000 гаруй хаягдал Кока Кола компанид хамаарч дэлхийд тэргүүлэх хаягдал үйлдвэрлэгч болсны араас Нестле болон Пэпсико компаниуд оржээ. Сайн дурын төлөөлөгчид ганц өдрийн хугацаанд 59’000 уут, 53’000 сагс, 29000 хуванцар сав цуглуулжээ. Цуглуулсан хаягдлын ихэнх нь хаанаас гаралтайг нь тодорхойлох боломжгүй болсон байж.
АНУд хуванцар хаягдлын дийлэнх хувь нь Нестле, Соло Кап компани, Старбакс байсан бол Европ тивд Кока Кола болон Хейнекен компаниуд, Африк тивд Кока Кола, Ази тивд ч мөн адил хамгийн их хаягдал ялгаруулагчдын эхний хоёрт Кока Кола бичигдсэн байв.
2018 онд Кока Кола компани бүтээгдэхүүний савлагааны хаягдлыг тодорхой хэмжээнд цуглуулан дахин боловсруулах тухай мэдэгдэл хийсэн боловч 2019, 2020 онд байдал хэвээр байсаар байна.