Эртний Хятад нэгэн харгис гэмээр ёс заншил өнөөдрийг хүртэл дэлхийгээр яригдсаар байдаг. Энэ нь бяцхан охидын хөлийг битүү ороож өсөлтийг нь зогсоох арга бөгөөд энэ нь эртний Хятадын нэгэн уламжлал юм.
Охидын хөлийг Лянхуа хэлбэртэй болгох ажил 4,5 настайгаас нь эхлэдэг байж. Эхлээд эмийн ургамал болон амьтны цусыг хольж тусгай бэлдмэл бэлдээд дараа нь 3 м урттай 5 см өргөн давууг бэлдмэлдээ сайтар норгоно. Хөлийг боохоосоо өмнө охидын хөлний хумсыг сайтар авч, хөлийн хуруунуудыг ул руу эргүүлэн өсөлтийг зогсоохын тулд энэхүү давуугаараа чангалан боодог байна. Дээрх бэлдмэл нь охидын хөлний өсөлтийг зогсооход сайн гэж үзэж байв. Охид олон жилийн туршид энэхүү зовлонтой баглааг тэсвэрлэх ёстой бөгөөд хамгийн уртдаа л 8 см бүхий төгс Лянхуа хөл 9-10 настайд бэлэн болдог байжээ.
10 настай охид лянхуа хөлөн дээрээ дур булаам алхахыг сурна. Тэд үүний тулд 2-3 жил бас л зовно. Том хөлтэй сүйт бүсгүйчүүд бол бусдын элэг доог болдог байв. Хэрвээ том хөлтэй бол сурвалжит болоод чинээлэг айлд бэр орж чаддаггүй учраас өтөл насыг хүртэл тариан талбайд ажиллаж, зарц барлаг болон амьдардаг байж.
Өнөөдөр хятадын энэ ёс заншлыг дэлхий нийтээр жигшин зэвүүцэж байгаа ч нэгэн цагт хятад бүсгүйчүүд энэ хөлөөрөө бахархаж, гоо үзэсгэлэнгийнхээ нэгэн илэрхийлэл болгон гайхуулдаг байв.
Хятадын ард түмний сэтгэхүйд лянхуа хөл гоо үзэсгэлэн гэдэг ухагдахуун бүрэн шингэсэн байлаа. Сүйт залуугийн гэр бүлийнхэн охины эцэг эхээс хамгийн түрүүнд хөл нь ямар билээ гэж асуугаад л дараа нь царайг нь хардаг байсан гэх.
Мөн ийм хөлтэй бүсгүйчүүд үнэнч эхнэрийн бэлэг тэмдэг болдог байжээ. Гэхдээ цаад утгаараа жижиг хөлтэй бүсгүйчүүд гэрээсээ гарч хол явна гэдэг туйлын хүнд хэцүү зүйл болохыг нөхөр, хадмууд нь мэддэг байв.
Биеэ арай хийн даан дэнжигнэх “лянхуа” хөлтнүүд байгалийн үзэгдэл бүхий салхи шуурганаар гадаа явж таарвал шонгийн мод тэврээд зогсчихдог байсан гэх.
1664 онд Манжийн Энх Амгалан хаан хөл боох энэхүү уламжлалыг хориглосон ч амжилт олоогүй юм. 1800-аад оны эхээр зарим эрх баригчид мөн л хориглох, уламжлалыг эвдэх үйл ажиллагаа явуулж байсан ч 20 дугаар зууныг хүртэл Ляньхуа хөл бүтээх уламжлал оршсоор байжээ.