Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, “Номин холдинг” ХХК-ийн эзэмшлийн Улсын их дэлгүүрийн 6 дугаар давхар шатаж байна гэсэн дуудлага зургадугаар сарын 7-ны өдрийн 16:48 цагт хүлээн авсан.

Энэ үеэр цагдаагийн байгууллагаас 138 алба хаагч объектыг бүрэн хамгаалалтад авч, Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 7 ангийн 230 гаруй алба хаагч ажиллаж, 21:30 цагт бүрэн унтраасан билээ.

Одоогоор Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас ажлын хэсэг томилогдон гарч, энэхүү обьектод хэргийн газрын үзлэгийг явуулж байгаа юм. Гал гарсан объектод цагдаагийн байгууллагаас 20 мөрдөгч, прокурор, шинжээч, мэргэжлийн хяналтын байцаагч, “Номин холдинг” ХХК-иас томилогдсон ажлын хэсэг харилцагч, түрээслэгчийг байлцуулан хэргийн газрын үзлэгийг 3 дахь өдрөө зохион байгуулж байна.

Мөн Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын алба хаагч нар обьектыг үргэлжлүүлэн  хамгаалалтад аваад  ажиллаж байгаа юм.

Гал алдсанаас хойш хэргийн газрын үзлэгийг шуурхай зохион байгуулсны үр дүнд 5 давхар хүртэл бүх үзлэг, шалгалтыг хийж дуусгасан бөгөөд зургадугаар сарын 10 буюу өнөөдөр 6 давхрын хэргийн газрын үзлэгийг үргэлжлүүлэн зохион байгуулна гэж тус ажлын хэсгийн ахлагч, Мөрдөн байцаах албаны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ш.Амартүвшин мэдээллээ.

Таны сурталчилгаа