Цаг үеийн мэдээ

         Хүн төрөлхтөн хаа очсон газраа өөрийн ул мөрийг үлдээж байдаг. Сансарт ч мөн адил. Өдгөө хүмүүс сансарт дэлхийг тойрон тодорхой хурдаар хөдлөх 500,000 гаруй хогийг тараагаад байна. Хэрвээ одооноос сансрын хогоо цэвэрлэж эхлэхгүй бол том хэмжээний олон хог хоорондоо мөргөлдөх эрсдэл үүсээд байгаа юм.

      Түүхийн урт хугацаанд тэнгист гарсан бүх завь, усан онгоц далайд одоог хүртэл хөвсөөр байна гээд төсөөлөхтэй адил зүйл дэлхийн тойрог замд тохиолдоод байгаа тухай Европын сансрын холбооны дарга Иен Ворнер хэлжээ. Дэлхийн тойрог зам дээр тохиолдоод байгаа энэ зүйл байж боломгүй. Хаягдлын хэмжээ асар их учир том ачигч машинаар хог ачихтай адил зүйлийг сансарт хийх шаардлага гараад байгаа юм.

     2025 он гэхэд хүн төрөлхтөн анхны сансрын хог цэвэрлэгч роботыг бүтээхээр төлөвлөжээ. "Сансрын цэвэрлэгээ-1" нэртэй эхний ажиллагааг бага хэмжээтэй хогийг ачих замаар туршихаар болж, цэвэрлэгээний бай нь Европын сансрын холбооноос 2013 онд хөөргөсөн Вега загварын пуужингийн үлдэгдэл байх юм. "Веспа" гэж нэрлээд байгаа уг үлдэгдэл нь жингийн хувьд хиймэл дагуултай ойролцоо мөн хэлбэр нь энгийн учир цэвэрлэгч роботын хувьд барьж авахад хялбар байх аж.

      Хаягдлыг амжилттай барьж авсны дараагаар тойрог замаас гаргаж агаар мандалд оруулснаар шатаах боломж бүрдэх юм. Энэ ажиллагааны явцад хаягдлыг цэвэрлэгч робот өөрөө шатах нь харамсалтай ч сансрын холбооноос энэ асуудалд анхаарч ирээдүйд цэвэрлэгч роботыг аварч үлдэхээр ажиллаж байна.

Сансрын хаягдал цэвэрлэх роботыг ClearSpace гэх компани хариуцаж байгаа бөгөөд тэдний мэдээлэлж буйгаар дэлхийг тойрон ойролцоогоор 2000 идэвхтэй, 3000 гаруй идэвхгүй хиймэл дагуул нисч байгаа гэжээ. Мөн ойрын жилүүдэд энэ хэмжээ улам нэмэгдэх төлөвтэй байна.

     Сансрын цэвэрлэгээ хийх төлөвлөгөө нь өөрөө сансрын хөлөг бүтээх, цэвэрлэгээ хийх явцын түлшийг хангах гэх мэт олон асуудлуудыг дагуулж байна. Эрдэмтэд хамгийн зөв шийдлийг олохоор олон жил ажиллаж байгаа боловч бодит биеллээ олох хүртэл хол зай байна.

Таны сурталчилгаа