Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Бүгд Найрамдах Энэтхэг улсад шавилж буй ламхай нарыг татан авахаар тусгай үүргийн онгоц өнөөдөр /2020.06.12/ “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас 08:45 цагт хөөрлөө.
Энэтхэг улсаас 230 орчим ламхай нарыг татан авахдаа Лаос улсаас нутаг буцах хүсэлтэй 13 иргэнээ татан авна гэдгийг Шуурхай штабаас мэдээлсэн.
Энэтхэг улс дахь Брайбүн Гоман дацанд сурч буй 10-18 насны 357 хүүхдийн хүсэлт гаргасан 219-ийг эх оронд нь авчрах аж. Тэдгээр хүүхдүүдийг авчрах болон ирсний дараа тусгаарлах болон нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх зардлыг Хүүхэд хамгааллын зардлаас гаргахаар шийдвэрлэжээ.
Нэг хүүхдийн 21 хоногийн тусгаарлалтын зардал 1 сая 50 мянган төгрөг хэмээн тооцоолж байна. Энэтхэгээс авчрах ламхай нарын тусгаарлалтад нийт 230 сая төгрөг зарцуулах бөгөөд үүнийг Хүүхэд хамгааллын зардлаас гаргах юм байна.
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ зургадугаар сард тусгай үүргийн нислэгээр 2000 орчим иргэнээ гадны улс, орнуудаас татан авахаар төлөвлөн ажиллаж байна.