Цаг үеийн мэдээ

        Япон улсад газар хөдлөлт их болдог учраас тэд ХХ зууны дунд үе хүртэл өндөр барилга барихаас болгоомжилдог байв. Тухайн үеийн Япон улсын дүр төрх нь 1-2 давхар жижиг байшингууд байх бөгөөд   1-р давхарт нь голдуу дэлгүүр, мухлаг, агуулах, жижиг үйлдвэр завод байрладаг байжээ.

Гэхдээ Токио мэтийн томхон хотуудын төв гудамжинд 4-5 давхар байшин үзэгдэнэ.

      Ийнхүү газраар үргэлжлэх жижиг байшингууд байнгын хүчтэй шуурга, газар хөдлөлттэй холбоотой байсан нь мэдээж.  Мэйжигийн /1868-1912 он/ үед баригдсан ихэнх барилгууд /2-3 давхар/ нь байнгын газар хөдлөлтийг тэсэлгүй оршин суугчдаа дарж унадаг байв.

    Гэхдээ Япончуудын мод, картон, хулсан барилгууд нь хохирол бага учруулж, сэргээн босгоход ч амар байсан учраас 1920 онд Японы засгийн газраас барилгын өндрийг 31 м-ээр хязгаарласан хууль гаргасан нь 1965 он хүртэл үйлчилжээ.

   Цаг хугацааны явцад Токио болон бусад хотын хүн амын төвлөрөлт, өсөлт нь асуудлыг өөрөөр авч үзэхэд хүргэжээ.

       Тухайлбал  Эн Эйч Кэй болон бусад телевизийн компаниуд өндөр антенн босгох санаачлага гаргаж эхэлсэн бөгөөд Токио хотын захиргаа бүх телевиз, радиогийн компаниудын антеннуудыг нэгтгэн нэг том барих шийдвэр гаргажээ.

  Ингээд Токиогийн цамхагийг барьж байгуулахад их ажилд ихэд нэрд гарсан уран барилгач Тачу Найтог татан оролцуулсан аж.  Тэрээр 1923 онд Токио хотыг газартай тэгшилсэн их газар хөдлөлтийн үед тэсэж үлдсэн Кабуки театрын барилгыг төлөвлөн барьсан байжээ. 

    Найто 1923 оны газаp хөдлөлтөөс 2 дахин хүчтэй газар хөдлөлтийг тэсэх чадвартай, 220 км/цагийн хурдтай салхийг дааж гарах бүтээлийг санал болгосон юм.

 

Найчогийн төслөөр цамхаг 333 м өндөр /Парисын Эйфелийн цамхагаас даруй 13 м өндөр/ энэхүү тэнгэр баганадсан байгууламж нь 150 км-ын эргэн тойронд радио телевизийн программ дамжуулах боломж олгосноос гадна энэ салбартаа дэлхийд тэргүүлэх гэсэн эрмэлзэл түүнийг барьж байгуулахад багагүй нөлөө үзүүлсэн гэдэг.

    Одоо ч үүнээс өндөр барилга энд тэндгүй баригдаж байгаа ч "Ган цамхаг" гэдэг утгаараа Токиогийн цамхаг тэргүүлсээр байгаа билээ.

     Энэ цамхагийг босгоход 1958 оны ханшаар 2,8 тэрбум иен зарцуулсан бөгөөд 4000 тн ган хийц орсон байна. Цамхагийг 400 ажилчин ердөө 15 сарын дотор барьж дуусгасан нь тэр үед томоохон өргөгч кран байгаагүй нөхцөлд санаанд багтамгүй зүйл байлаа.

Цамхагийн 150, 250 м-ийн өндөрт орчныг ажиглах тавцан байрлуулсан бөгөөд өнгөрсөн 45 жилийн хугацаанд цамхагийн лифтээр 130 сая хүн үйлчлүүлсэн нь Японы хүн амаас ч илүү гарч байгаа аж.

Таны сурталчилгаа