Цаг үеийн мэдээ

Өнөөдөр УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ.

Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "Манай улс өнөөдрийн байдлаар тусгай үүргийн онгоцоор нийтдээ 10020 иргэн татаж аваад байна.

Зургадугаар сард найман тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөсөн ба эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийн тоо их байгаа учир нислэгийн тоог нэмж, Зүүн өмнөд Азид байгаа иргэдийг зургадугаар сарын 20-ны өдөр Сөүлээр дамжуулж авахаар болсон. Ингээд нийт есөн удаагийн нислэгээр 2300 орчим иргэнээ авчирна.

БНСУ-ын Хууль зүйн сайд Монгол, ОХУ, Тайландын иргэдийг Солонгосоор дамжуулж авахыг хориглосон шийдвэр гаргасан. Бид яриа хэлцэл хийсний дүнд зургадугаар сард товлогдсон транзит нислэгээ Сөүлээр дамжуулж авах боломж бүрдсэн.

Монгол иргэд Инчеон буудал дээр замбараагүй байдал гаргаж, жагсаал хийсэн тохиолдол гарсан. Ийм замбараагүй байвал дараагийн нислэгийн эрх авахад хэцүү байна.

Хилийн чанадад хүнд нөхцөлд байгаа иргэдийн судалгааг тогтмол хийж ирсэн.

Хамгийн хүнд нөхцөлд байгаа нь Турк улсад байна. Истанбулаар дамжуулаад хамгийн эмзэг бүлгийн монгол иргэдэд хүнсний дэмжлэг үзүүлэх ажил хийнэ. Нийт 168 өрхийн 580 гаруй иргэн хамрагдаж байгаа.

Тэдэнд 7-10 хоногийн хүнсний нөөц бэлдэх эрхийн бичиг өгнө. Энэ сарын нислэгийн төлөвлөгөөгөөр Хойд Америк, Канадад байгаа 450-500 орчим иргэдийг авчирна. АНУ-д тусламжийн хамгаалах хувцас хэрэгсэл хүргэж өгөөд буцахдаа иргэдээ авч ирэх боломж олдсон" гэлээ.

Таны сурталчилгаа