10 хувь аваад сурчихсан түшмэл төрд бэлгэвч болов шахдаг бол Ц.Даваасүрэн гишүүн төрд бяслаг хүртэл шахаж байна. Баялгийн хараалд өртсөн Монгол орон баялгийн ерөөлтэй Норвег шиг болж балрахаас цочин айдаг Ц.Даваасүрэн Хөвсгөлд Швейцар ч юм шиг бяслагийн үйлдвэр шахахад татвар төлөгч Та бид 17 тэрбумаар торгуулна. Гурван жилийн өмнө 8 суманд 4, 2022 онд 10 суманд 5 тэрбумыг зарцуулж, шав суурийг ёслол төгөлдөр тавьсан ч өнөөдрийг хүртэл Хятадыг хооллох бүү хэл хулгана мэрэх бяслагийн үйрмэг үртэс ч сураггүй байна. Ирэх оны төсөвт шахсан дүнтэйгээ нийлээд Хөвсгөлийн 18 сумын бяслагийн үйлдвэрт Та бид 17 шахам тэрбум төгрөгөө тушаалаа. Хувийн биш хувьсгалын, капиталист биш коммунист бяслагийн үйлдвэр орон нутгийн өмчит компани болж, Хөвсгөлийн аймаг, сумын дарга нар брэндинг, маркетинг, менежментийг нь хариуцна. Орон нутгийн төрийн өмчит бяслагийн үйлдвэрийн ТЭЗҮ, зах зээлийн тооцоо судалгаа, бизнес төлөвлөгөө Ц.Даваасүрэнгийн шүүгээнд байгаа эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Хөвсгөлийн бяслаг чийз алдартай юу, Хөвсгөлийн Бэлтэс мөрөн дуулиантай юу гэдэг дээр нэмээд нэг аймгийн 18 суманд төрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд зах зээл байна уу? гэдэг асуулт ургаж байна. Бяслагийн үйлдвэрийн тоног төхөөрөмж нийлүүлэх эрхийг Алтангэрэлийн Оюунбаатар гэдэг хүний айлын гэрийн Баянгол дүүрэг, 2-р хороолол, 77-р байрны 30 тоот хаягтай “Хан-Аттрибут” компани, Бямбажавын Баярбатын Баянзүрх дүүрэг, Саруул хотхоны 118-р байрны 74 тоотод оршин суугч “Голденпрогресс” компани авсан юм байна.
Үнэгүй бяслаг хавханд л байдаг бол өнөөдөр Монгол улсын төсөвт ч байна. Ирэх оны улсын төсөв батлахдаа л тодотгохоос өөр аргагүй бүдэг бүрэнхий юм болсон. УИХ-ын гишүүд бяслагийн үйлдвэрийнхээ шахаанд орсон Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн бяц шахуулж, ажлаа муу хийсэнтэй холбон шүүмжилж байна. Манай төр мантуу хөөлгөж, хуушуур хайрдаг дээрээ нэмээд бяслаг хүртэл шахаж, хувийн хэвшлийн хийх ажлыг булааж, хуруугаа юм бүхэнд дүрсээр байна. Төр муу менежер, түүний дотор Орос, Монголын төр хамгийн муу менежер гэдэг үгтэй юм.