Анхдагчийн өлгий Булган аймгийн ИТХ-ын хуралд анх удаагаа УИХ-ын гишүүн суулаа. Нутгийн өөрөө удирдах ёс нутгийн өрөөлөөр удирдуулах ёс болж, бавайсан сахалтай Бат-Эрдэнэ гишүүнийг бага хүнээр бодох хэрэггүйг батлан харууллаа. Заалны арын суудлаас утас цохиж, заавар тушаал өгсөг жирвийсэн сахалтай Ж.Бат-Эрдэнэ гишүүн жир бус үзэгдэл найруулж чадлаа. Д.Пүрэв-Очир төрийн босгонд бүдэрч, тотго мөргөж орсон анхны аймгийн засаг дарга нарын нэг болсон байна. Төрд 3 жил ажилласан байх хуулийн босгыг даваагүй ч аймгийн ИТХ хуралдаж байх яг тэр цаг мөчид ТАЗ-ийн дарга Л.Цэдэвсүрэнгээс албан бичиг тааруулан тохируулан авч чадсан байна. ИНЕГ-ын даргаас бусад нь Засгийн газрын 487-р тогтоолоор баталсан төрийн захиргааны ангилал, зэрэгт хамаарахгүй. ИНЕГ-ын дарга биш ИНЕГ-ын хэлтсийн даргаар ажиллаж байсан Д.Пүрэв-Очирт бол хамаарчихсан юм байна.
Булганд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ аймгийн девтаат шахуу болсон бол Төв аймагт сумын ба аймгийн төлөөлөгчийн давхар дээлнээс болж засаглалын хямрал нүүрлээд байна. Бөхөөр бол сумын заан бөгөөд аймгийн начин, улсын арслан гэж нэгэн зэрэг байдаггүй. Сумын заан, аймгийн арслан, улсын аварга аа гэж дууддаггүйтэй адил хуультай, журамтай юм. Эрдэнэсант сумын О.Машбаяр, О.Мягмарсүрэн нар сумын төлөөлөгчөөр сонгогдоод, сумынхаа хуралд сууж, нэг нь сумын дарга болсон. Батсүмбэр сумын ИТХ-ын төлөөлөгч А.Эрдэнэбат сумынхаа хуралд сууж, сумын дарга болсон хойноо аймгийн ИТХ-ын хуралд давхар оролцсон байна. Анх сумынхаа хуралд оролцож, сумын дарга болсон нь хүчинтэй тул аймгийн ИТХ-ын хурал нь хүчингүй болох хуультай юм байна. УИХ-ын гишүүдийн анх авч нөмөрсөн давхар дээл аймаг, сумын төлөөлөгчдөд халдаж, орон нутагт засаглалын хямрал нүүрлээд байна.