Цаг үеийн мэдээ

Монгол улс сонгуулийн шуугиан, коронавирусний дуулиантай  байгаа энэ өдрүүдийн үйл явдлыг улиасны унгирал улам “чимж” бас нэгэн шинэ ярианы сэдвийг үүсгэж байна.  Жил бүрийн зургаадугаар сарын эхэн үеэс наймдугаар сарын дунд үе хүртэл улиасны унгирал гарч, нийслэл хотынхны уур бухимдлыг дээд цэгт нь хүргэдэг билээ.  

 

Улиасны унгирлыг байгалийн өгөгдөхүүнээр нь тайлбарлавал  эм улиасны үр  бөгөөд  жамаараа модны үржил явж байгаа учраас унгирлыг огт гаргахгүй байх боломжгүй аж. 

Нийслэл Улаанбаатар хотод маань 8000 ширхэг улиас байдгаас 5000 орчим нь эм улиас байдаг байна.  Тэгэхээр нийслэлд таригдсан улиас моддын дийлэнх хувь эм улиас байж баланс нь алдагдсанаар өмнөх жилүүдэд унгирал ихээр хийсдэг байжээ. 

 

Тавдугаар сарын сүүл үеэс улиасны мөчирт байрлах булцуунууд задарч, үрээ өөр моднуудад цацаж, үржил нь явагдана.  Тиймээс улиасыг эр, эмээр нь сөөлжлүүлж таривал унгирал харьцангуй багасах боломжтой юм.

 

 

БОРОО ОРОХГҮЙ ЖИЛҮҮДЭД УНГИРАЛ ИХ ГАРДАГ

 

 Бороо орохгүй, хуурайшилт их үед улиасны молцог задарч унгирал их гарах ч тал бий гэнэ.  

 

Иймд холбогдох албаныхан шат дараатай арга хэмжээ авч тавдугаар сараас модны хэлбэржүүлэлт хийж, улиасны унгирал гаргадаг мөчир буюу болцууг тайрч эхэлсэн байна. 

Мөн эм улиасны молцогийг түүх ажил ч хийж байгаа аж.

 

УНГИРАЛ ТАРААГЧ УЛИАС МОД ЯМАР АШИГТАЙ ВЭ?

 

Улиас мод ойролцоогоор 60 гаруй насыг насладаг, энэ хугацаанд тухайн олон арван ашгийг өгч байдаг мод юм. 

Улиангар болон улиас нь хотын дуу чимээг өөртөө шингээж, хүчилтөрөгчийг нэмэгдүүлдэг байна.  Мөн хотын агаарт үүссэн нүүрстөрөгч, болон нарны энергиэс ялгарах туяаг өөртөө шингээж улмаар хүчилтөрөгч ялгаруулдаг. Цаашлаад сүүдэрлэлт болон хөрсний шим тэжээл усыг татаж, хөрсийг цэвэршүүлдэг байна.  

Мөн та хашаандаа сайхан мододтой болъё гэвэл  унгирлыг ад үзэх бус хэсэг унгирлыг газарт булахад хангалттай гэнэ.

 

УНГИРАЛ ХАРШИЛ ҮҮСГЭДЭГГҮЙ

Хүмүүс улиасны хөвөн  харшил хөдөлгөдөг гэх нь бий. Гэвч эмч мэргэжилтнүүд хүний биед ямар ч сөрөг нөлөө үзүүлэхгүй, харшил үүсгэхгүй гэв. 

Хамгийн таатай нь унгирал харшил үүсгэгч бусад зүйлсийг өөртөө наалдуулж авдаг учраас хүний хамар ам луу орох нь элбэг байдаг аж. 

 

УНГИРАЛ КОРОНАВИРУС ДАМЖУУЛДАГ УУ?

 

Коронавирус унгирал дээр тогтох боломжтой гэх мэт судалгааны мэдээлэл одоогоор байхгүй байна. Тийм учраас коронавирус модны хөвөн буюу унгирлаар зөөвөрлөгдөнө  гэж хэлэх боломжгүй юм. 

Учир нь коронавирус нь  шинэ төрлийн вирус учраас бүх тохиолдол, кейсүүд нь  өөрчлөгдсөөр байна. 

 

Таны сурталчилгаа