50-100 сая жил тутамд манай гариг дээрх амьд биетийн 95 хувь нь устдаг ба эрдэмтэд энэ явцыг галав юүлэх гэж нэрлэжээ. Галав юүлэх процесстэй уялдуулаад өдгөө ховордож буй амьтдыг аврах гэж оролдох нь байгалийн жам ёсонд хөндлөнгөөс оролцсон хэрэг гэж тэд үзжээ. Бид танд ховордсон амьтдыг аврах нь яагаад шаардлагагүй бас ямар хохирол учруулж болох талаар хүргэж байна.
Байгалийн шалгарал
Шалгарал бол хувьсалыг даган жамаараа явагддаг үйл явц. Энэ нь байгаль дэлхийн амьдрах чадвар сул, доройтолд орсон төрлүүдийг устгаж хүчирхэг нэгэнд боломжийг олгох нэг ёсны цэвэрлэгээ юм.
Биологич Р.Александр Пирон байгалийн жам ёсыг дэмжигч бөгөөд устаж буй төрөл амьтдыг аврах гэж оролдох нь хожим болох явцыг түр хойшлуулж буй үр дүнгүй зүйл, устсан төрлүүд хэзээ нэгэн цагт шинээр гарч ирэх төрлөөр солигдох болно, бидний амьдарч буй систем ингэж ажилладаг гэжээ. Түүний үзэл бодолтой зөрчилдөх ганц асуудал байгаа нь амьтдын устах болсон шалтгаан нь хүн төрөлхтний буруу байгаад оршино. Гэвч тэрээр хүн төрөлхтөн ч гэсэн байгаль дээр орших амьд бодгалуудын нэг, бид ч гэсэн шалгаралд оролцож байна гэсэн байна.
Экосистемийн өөрчлөлт
Галав юүлэхээс гадна устгал хийдэг нэг үйл явц бол экосистемийн өөрчлөлт. Экосистемийг хүчтэй өөрчилдөг томоохон хүчин зүйлд хүн төрөлхтний үйлдлүүд багтана. Жишээ нь; Хүмүүс амьтдыг нутагшуулах нэрээр нэг системийг аврахын төлөө нөгөөг бусниулах явдал юм.
Дахин нэг жишээ дурдвал Хятадын Соёлын Хувьсгалын жилүүдэд Хятадын засгийн газар ургацаа хамгаалах зорилгоор бор шувууг олон тоогоор устгасан явдал юм. Эхний жилдээ ургац үнэхээр арвин байсан ч дараагийн жилүүдээс шувуудын хооллодог байсан хорхой шавьж огцом ихэссэнээр ургац муудаж улмаар улс даяар өлсгөлөнд нэрвэгдэх болсон байна.