Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн цэргийн парадыг зургадугаар сарын 24-ний өдөр зохион байгуулах шийдвэрийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин өнгөрсөн сард гаргасан билээ. Тус шийдвэрийн дагуу ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгугаас тус цэргийн парадад Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг оролцуулах урилгыг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд хүлээн авч цэргийн алба хаагчдыг оролцуулах болсон юм.
Улаан талбайд болох Ялалтын баярын цэргийн парадад оролцох бие бүрэлдэхүүн энэ сарын 14-ний өдөр ОХУ-ын Агаар-сансарын хүчний “Ил-76” онгоцоор Москва хотыг зорьсон байна.
ОХУ-ын БХЯ-аас цэргийн парадад оролцох бие бүрэлдэхүүнд гурван удаагийн коронавирусний шинжилгээ авч халдвар аваагүй нь тогтоогдсон учир зургадугаар сарын 15-ны өдрөөс ОХУ-ын БХЯ-ны харъяа сувилалын газарт байрлаж цэргийн парадын бэлтгэлдээ гарчээ.
Энэ жилийн цэргийн парадад гадаадын 19 орны цэргийн алба хаагчид оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирээд байгаа бөгөөд 17, 18, 20-ны өдрүүдэд Улаан талбай дээр нэгдсэн бэлтгэлийг хийхээр төлөвлөгдөж байна.
Эх сурвалж:www.polit.mn