Цаг үеийн мэдээ

Манай улсад анх 1974 онд хорих ял шийтгүүлсэн эмэгтэйчүүдийн дагнан хорих ангийг байгуулж байсан тэр үеэс прокурорын байгууллага энэхүү хорих ангид хяналт тавьж ирсэн.  Прокурор хорих ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавин ажиллахдаа Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн иргэний эрхийг сэргээх, хоригдлын бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх, хоригдол нь суллагдан гараад дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хэрэгжүүлэх тодорхой ажлуудыг хорих анги хэрхэн зохион байгуулж буй байдлыг шалгаж, хуулийн хэрэгжилтийг бодитоор хангуулахад хяналтаа чиглүүлэн ажиллаж байна.  

Нийслэлийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн прокурорууд тус хорих ангийн үйл ажиллагаатай тогтмол танилцан, төлөвлөгөөт болон гэнэтийн шалгалтуудыг хийж, илэрсэн зөрчлүүдийг тухай бүр нь засуулж, хууль журам, олон улсад мөрдөгдөж буй стандартад нийцүүлэхэд анхаарч ажиллаж байна.

Нийслэлийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Ч.Хандамаа:

Сүүлийн үед эмэгтэйчүүдээс үйлдэгдэж буй гэмт хэргийн гаралт ихэсч хорих ял эдлүүлэх байдал жил ирэх бүр нэмэгдэж байна. Одоо тус хорих ангид хорих ял эдэлж буй хоригдлуудын 49 хувь нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн, 25 хувь нь хүний амь биед халдсан гэмт хэрэг үйлдсэн эмэгтэйчүүд байгаа нь нийт хоригдлуудын 74 хувийг эдэлж байгаа юм. Гэмт хэргийн улмаас иргэд ихээр хохирч, энэхүү хохирлоо төлүүлж авч чадахгүй байгаа нь тус ангид хорих ял эдэлж буй нийт хоригдлуудын тоо, бусдад учруулсан хохирлын судалгаанаас харагдаж байна. Ийм учраас хоригдлуудыг бусдад учруулсан хохирлоо төлж, барагдуулахад нь анхаарч ажлын байраар ханган, цалин хөлснөөс нь суутгал хийдэг. Прокуророос хоригдлыг  ажиллуулах, цалин хөлс олгох, суутгал авах ажиллагаа нь хуульд заасан журмын дагуу явагдаж байгаа эсэхийг шалгаж холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.  

Манай хяналтын ажлын нэг чухал чиглэл нь хоригдлыг нийгэмшүүлэх, хорих ангиас суллагдан гараад дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх чиг хандлагыг төлөвшүүлэхэд чиглэсэн ажлуудын чанар үр нөлөөг сайжруулахад байдаг. Тус хорих ангид ял эдэлж буй хоригдлуудаас бичиг үсэг мэдэхгүй, мэргэжилгүй, архи болон мансууруулах бодис хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн хүмүүс байдаг. Эдгээр эмэгтэйчүүдэд бичиг үсэг эзэмшүүлэх, зан үйлд нь нөлөөлөх сургалтыг үр дүнтэй зохион байгуулахад хяналтын ажлаа чиглүүлэн ажиллаж байна. Хоригдол хорих ангиас суллагдан гараад бичиг үсэг мэдэхгүй, мэргэжилгүй гэсэн шалтгааны улмаас ажлын байргүй, амьдралаа залгуулж чадахгүй дахин гэмт хэрэг үйлдэх эрсдэлт нөхцөл байдлыг үүсгэдэг тул хүн бүрийг мэргэжлийн чиг баримжаатай болгож гаргахад анхаарч байна. 

Хорих ангийн ахуй, нөхцөлийг Монгол Улсад дагаж мөрдөж буй хууль, стандартад нийцүүлэх, хоригдлын эргэлт уулзалт авах эрхийг бодитоор хангуулахад анхаарч ажиллаж байна. Эмэгтэйчүүдийн хорих анги улсын хэмжээнд ганц байдгаараа онцлог. Тус ангид хоригдож буй эмэгтэйчүүдийн 30 орчим хувь нь хөдөө орон нутагт оршин суух хаягтай  байна. Мөн гадаад улсын иргэн ч бас ял эдэлж байгаа. Эдгээр эмэгтэйчүүдээс ар гэрийн боломж тааруу, орон нутгаас гэр бүлийн гишүүд нь ирэхэд хүндрэлтэй байдаг учраас тэдэнтэйгээ холбоотой байх боломж нөхцөлийг бүрдүүлж өгөх хүсэлтийг удаа дараа гаргаж байсныг шийдвэрлэх зорилгоор тусгай журмын дагуу цахимаар “уулзуулах” арга хэмжээг авч, уг ажиллагааг тогтмолжуулжээ. 

Нийслэлийн прокурорын газраас он гарснаас хойш хорих ангид ял эдэлж байгаа хоригдлуудын эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, хорих ангийн арга зүйн зөвлөлийн санал, үйл ажиллагаа хууль тогтоомжид заасны дагуу явагдаж буй эсэх, хоригдолд цалин, хөлс олгож байгаа байдлыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай хамтран тус тус шалгасан байна. Мөн эрүүдэн шүүх аливаа үйлдлээс урьдчилан сэргийлэх үүднээс судалгаа хийж, холбогдох арга хэмжээ авах ажлыг 5 дугаар сард зохион байгуулжээ.

ШШГЕГ-ын харьяа хорих 407 дугаар ангийн захирагч, дэд хурандаа Ц.Хишигбаяр: Он гарснаас хойш 70 гаруй хоригдол мэргэжил эзэмшиж, чадамжийн гэрчилгээтэй болсон.

Хорих 407 дугаар ангиас  энэ оны эхний хагас жилийн байдлаар ШШГЕГ-ын Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвтэй хамтран 70 гаруй хоригдолд оёдолчин, барилгачин, тогооч зэрэг мэргэжил эзэмшүүлж, чадамжийн гэрчилгээ олгоод байна. Мөн энэ хугацаанд хоригдлын хөдөлмөрийн хөлснөөс гэм хорын төлбөрийн суутгалд 4,6 орчим сая төгрөгийг төлж барагдуулсан байна. Тус хорих анги дэргэдээ оёдлын үйлдвэртэй, эндээ хоригдлыг тогтмол цалинтай ажлын байраар хангаж ажиллуулдаг. Мөн бичиг үсэг мэдэхгүй, ерөнхий боловсролын сургуулийн гэрчилгээгүй хоригдлуудад сургалт зохион байгуулдаг. Энэ сургалтад хамрагдаж ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийг амжилттай төгсөж бүрэн дунд боловсролын гэрчилгээ авсан,11 дүгээр ангиа төгсөж, анги дэвшсэн эмэгтэйчүүд цөөнгүй байгаа.

Ял эдэлж байх хугацаандаа хүүхэд төрүүлсэн эхчүүд хүүхдээ хоёр нас хүртэл нь хамт байх эрхтэй. Хүүхдүүдийн эрхийг хангаж эх хүүхдийн байрыг амьдралын бүсэд барьж нярай хүүхдэд шаардлагатай зүйлсийг хорих байгууллагаас олгодог ажээ. Гэмт хэрэг үйлдэж нийгмээс тусгаарлагдсан ч гэлээ эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, хууль эрх зүйн мэдлэг олгох, хүмүүжүүлэх зорилгоор хорих ангиас болон Нийслэлийн прокурорын газраас төрөл бүрийн сургалт, арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулдаг байна. Эмэгтэйчүүдийн хорих ангийн номын сан 5500 гаруй номтой. ШШГЕГ-аас зарласан “Номтой нөхөрлөе” аяны хүрээнд хоригдлууд уншсан номынхоо талаар зураг зурж, уран бүтээл туурвиж оролцож байна.

Мөн өнгөрсөн сард “Баярлалаа, ухаарлаа” аяныг өрнүүлсэн нь ихээхэн үр дүнтэй ажил болжээ. Хэн нэгэнд талархсан сэтгэгдлээ илэрхийлэх, уучлалт гуйн чин сэтгэлийн үгээ хэлэх боломжийг тус ангид хоригдож буй эмэгтэйчүүдэд энэхүү аянаар олгож, тэд ч идэвхитэй оролцсон байна.

Эх сурвалж : Монгол Улсын Ерөнхий Прокурорын газар 

 

 

Таны сурталчилгаа