Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор 07-р сарын 1-ээс “Яараад яахав дээ” аяныг зохион байгуулж эхэллээ. ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн Хүүхэд гэмт хэргээс урьдчилан хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаан аяны талаар мэдээлэл өглөө.
Сүүлийн 3 жилийн байдлаар зам тээврийн ослын улмаас 149 хүүхэд нас баржээ... / 2017 он- 55, 2018 он -45, 2019-49, 2020 оны эхний хагас жилд-26/
Энэ оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 440 бүртгэгдсэн ба зам тээврийн ослын улмаас 118 хүн нас барж, 338 хүн гэмтсэн байна.
Хөдөө орон нутагт хүүхэд малаа хариулах болон ахуйн хэрэгцээнд мотоцикл унаж улмаар осолдож амь насаа алдах явдал буурахгүй байна.
Мөн Урин дулааны улирал эхэлж байгаа энэ үед хүүхэд гудамж, талбай, орон сууцны гадна тоглох, нийтийг хамарсан арга хэмжээнд оролцох, амралт, жуулчны газар, гол ус болон бусад газар аялал, зугаалгаар явах нь нэмэгдэж, эцэг эх, асран хамгаалагч нарын зүгээс хүүхдэд тавих хараа хяналт суларч, улмаар хүүхэд амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал буурахгүй байна.
Хүүхэд эцэг эх, асран хамгаалагчийн хараа хяналт дутмаг, хайхрамжгүй байдлаас шалтгаалан энэ оны эхний 6 сарын байдлаар зам тээврийн ослын улмаас-26, гол усанд живж-8, ухсан нүх шуудуунд унаж-5, өндрөөс унаж-9, гадны биетэд цохиулж-1, халуун ус, галд түлэгдэж-5, морьноос унаж-8 хүүхэд тус тус амь насаараа хохирсон байна.
Ахуйн хүрээнд хүүхдийг осол гэмтлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлэг, мэлээдэл, төв орон нутгийн цагдаагийн байгууллагаас эрсдэлт орчны хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж байна.
Мөн дээрх нөхцөл байдалтай холбогдуулан цагдаагийн байгууллагаас иргэдийг зам тээврийн осол хамгийн ихээр үйлдэгддэг 7, 8 дугаар сард буюу энэ оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн улсын хэмжээнд “Яараад яахав дээ” уриатайгаар урьдчилан сэргийлэх аяныг зохион байгуулж эхэллээ.
“Яараад яахав дээ” аян хүүхэд залуусыг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, жолооч, зорчигч нарт зөв дадал, хандлага, соёл төлөвшүүлэх зорилготой юм.
Сэрэмж хэзээ ч илүүдэхгүй... Яараад яахав дээ...