Цаг үеийн мэдээ

Өнөөдөр /2020.07.08/ Засгийн газрын гишүүд сайд нар тангарагаа өргөж ажлаа хүлээн авч байна. Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд асан  Д.Сумъяабазар өөрийн хийсэн ажлаа тайлагнан, мөн шинээр томилогдож буй сайд Г.Ёндонд цаашдын ажилд нь амжилт хүсэн өөрийн цахим хуудаснаа ийн бичжээ. Тэрээр : Миний бие 2017 оны 10 дугаар сарын 20-ноос өнөөдрийг хүртэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллахдаа Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж дэд бүтцийг дуусган хүлээн авч, Алт цэвэршүүлэх үйлдвэр барих, “Эрдэнэс-Тавантолгой” компанийн тодорхой хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулан гадаад, дотоодын хөрөнгийн зах зээлд гаргах, иргэн бүрийн 1072 хувьцааны ногдол ашгийг олгох , Үндэсний Геологийн албыг байгуулах түүхэн шийдвэрийг гаргаж, өргөн хэрэглээний шатахууны үнийг 10 жилийн өмнөх үнэд авчирсан. Мөн хариуцлагагүй уул уурхайд анх удаа ҮГҮЙ гэж хэлж 650 тусгай зөвшөөрлийг цуцалж, ХАРИУЦЛАГАТАЙ уул уурхайг ажиллах нөхцөлөөр хангах хууль эрхзүйн орчныг чамбайруулахын төлөө зүтгэн ажилласан билээ. Энэ хугацаанд эхлүүлсэн ажил, цаашид хэрэгжихээр хүлээгдэж байгаа олон ажлуудыг маань Монгол төрийн залгамж халааг алдагдуулалгүйгээр уул уурхайн салбарын шилдэг мэргэжилтнүүдийн нэг Г.Ёндон сайд маань үргэлжлүүлнэ гэдэгт итгэж байна.

Өнгөрсөн хугацаанд миний тулах тулгуур болон ажилласан 98 жилийн түүхтэй, Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэгч салбар улс орны хөдөлгөгч хүч Эрдэс баялгийн салбарынхандаа болон яам, агентлагийн нийт албан хаагчиддаа БАЯРЛАЛАА гэжээ. 

Таны сурталчилгаа