Цаг үеийн мэдээ

Наадамчид, иргэдийн анхааралд:

12, 13-нд нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо, 14, 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон aнхааруулж байна.

2020 оны 07 дугаар сарын 11-ний 20 цагаа­с 07 дугаар сарын 12-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо, зүүн аймгуудын нутгаар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.  

Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 17-22 градус, бусад нутгаар 11-16 градус, өдөртөө Алтай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 15-20 градус, Их нууруудын хотгор болон Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгаар 28-33 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

2020 оны 7 дугаар сарын 13-наас 7 дугаар сарын 17-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

13-нд баруун аймгуудын нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгаар, 16-нд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 13,14-нд Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. 15-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар сэрүүснэ.

 

 

Таны сурталчилгаа