Тус ЭСЯ-ны Консулын хэлтэс 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар тусгай үүргийн нислэгээр нутаг буцах хүсэлтэй 2485 иргэний өргөдлийг хүлээн аваад байна. Өргөдөл гаргасан эдгээр иргэдийн 163 нь буюу 7 хувийг өндөр настан /асран хамгаалагчийн хамт/, 479 нь буюу 19 хувийг 0-18 насны хүүхэд /асран хамгаалагчийн хамт/, 78 нь буюу 3 хувийг жирэмсэн эх /асран хамгаалагчийн хамт/, 163 нь буюу 6 хувийг эрүүл мэндийн шалтгаантай иргэд /асран хамгаалагчийн хамт/, 29 нь буюу 1 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд /асран хамгаалагчийн хамт/, үлдсэн 1573 нь буюу 64 хувийг бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд эзэлж байна. 7 дугаар сарын 1-нээс хойш гэхэд Консулын хэлтэст шинээр нэмж 450 гаруй иргэн нутаг буцах өргөдөл гаргасан байна. Цаашид өргөдөл өгсөн иргэдийн нэрсийн жагсаалтыг долоо хоног бүр шинэчлэн мэдээлэх болно.
Консулын хэлтэс нь дээрх иргэдийн өргөдлийг шалтгаан, он цагийн дарааллын дагуу жагсаасан ба иргэнтэй тухайн үед тэмдэглүүлсэн утсаар нь холбоо барьж мэдээллийг нягталсан. Зарим иргэдийн бүртгүүлсэн холбоо барих утасны ярианы эрх хаагдсан, холбогдох боломжгүй тохиолдол гарсан тул холбогдоогүй иргэд Консулын хэлтэстэй эргэн холбогдож мэдээллээ нягтлуулах боломжтой. Гэхдээ ЭСЯ-наас 3 дугаар сарын 20-нд нутаг буцах хүсэлтэй иргэдийн судалгаа авах зорилгоор зохион байгуулсан судалгаанд хамрагдсан иргэд, мөн ЭСЯ-ны фейсбүүк мессенжерээр /2020 оны 3 дугаар сарын 20-нд фейсбүүкээр энэ тухай иргэдэд мэдээлсэн/ ирүүлсэн өргөдөл, мөн цахим шуудангаар ирүүлсэн боловч шаардлага хангаагүй өргөдлийг бүртгээгүй болно.
Тус ЭСЯ-ны Консулын хэлтэс нь 7 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн иргэдийн цагийг хэмнэх, бүртгэлийн оновчтой арга хэлбэрийг сонгох үүднээс тусгай үүргийн нислэгээр нутаг буцах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР авах болохыг мэдэгдье. Мэйл явуулах боломжгүй зарим нэг иргэд шуудангаар болон зайлшгүй шаардлагатай гэвэл биеэр ирж болно. Нутаг буцах өргөдлөө өгөхийн тулд иргэд заавал биечлэн Консулын хэлтэст ирэх шаардлагагүй болно. ЭСЯ-ны өргөдлийн жагсаалтад нэр нь орсон байгаа, мөн анхны өргөдөлд дурдсан шалтгаан, нөхцөл байдал нь өөрчлөгдөөгүй хэвээр байгаа тохиолдолд иргэд ДАВТАН өргөдөл ирүүлэх шаардлагагүй. Консулын хэлтэс цахимаар ирүүлсэн иргэдийн өргөдлийг хүлээн авсны дараа ирсэн сар, өдөр, цагийн дагуу тухайн иргэнтэй эргэж холбогдож мэдээллийг нягталж бүртгэлийг баталгаажуулж хариу өгнө. Иргэдийн өргөдөл нэмэгдэж байгаатай холбоотойгоор Консулын хэлтсийн ачаалал эрс нэмэгдэж байгаа тул иргэдийн өргөдлийг нэг бүрчлэн бүртгэж, холбогдох баримт материалыг нягтлан хавсаргаж, файл үүсгэх, эргэж хариу мэдээлэхэд тодорхой хугацаа орж буйд та бүхэн хүлээцтэй хандахыг хүсье. Нэр давхардуулан дахин дахин өргөдөл ирүүлэх нь ачааллыг нэмэгдүүлэх, мөн тухайн иргэнээс өмнө өгсөн өргөдөл, холбогдох мэдээлэлтэй давхцаж улмаар мэдээллийг шинэчлэх явцад устаж болзошгүй болохыг анхаарна уу.
ЭСЯ-наас нутаг буцах хүндэтгэн үзэх шалтгаантай болон санхүүгийн хүндрэл бэрхшээлтэй, яаралтай нутаг буцах шаардлагатай иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч долоо хоног бүр УОК-ын Шуурхай штабын ажлын хэсэгт хүргүүлж ирсэн. БНСУ-д манай улсын 47 мянга гаруй иргэн богино болон урт хугацааны визээр оршин сууж байна. 2020 оны 3 дугаар сарын 15-наас хойш өнөөг хүртэл БНСУ-аас нийт 9 онгоцоор 2000 гаруй иргэн нутаг буцаад байна. Эдгээр иргэдийг өргөдлийн жагсаалтад оруулаагүй болно.
СҮҮЛИЙН ҮЕД ИРГЭДИЙН ЗҮГЭЭС ЭСЯ-НД ХАНДАЖ ТУЛГАН ШААРДЛАГА ИРҮҮЛЖ, СУУЛТ, ЖАГСААЛ ХИЙЖ БАЙГАА БӨГӨӨД ЭДГЭЭР ИРГЭДИЙГ ӨРГӨДЛИЙН ДАРААЛАЛ ХАРГАЛЗАХГҮЙГЭЭР БУСАД ИРГЭДИЙН ӨМНҮҮР ОРУУЛЖ НИСЛЭГТ ХАМРУУЛАХ БОЛОМЖГҮЙ БОЛНО. Учир нь БНСУ-аас нутаг буцах хүсэлтэй 2600 гаруй иргэн ЭСЯ-нд хандаж бүртгүүлээд байгаа бөгөөд эдгээр иргэдийн эрх ашгийг үл хүндэтгэн хэн нэгэнд давуу тал олгох, аль нэг иргэнд баталгаа гаргах нь шударга бус, хариуцлагагүй үйлдэл болно. Харин иргэдийн зүгээс тавьж буй нислэгийн тоог нэмэгдүүлэх, тусгаарлах хугацааг богиносгох, МИАТ-ын тийзийн үнийг бууруулах, бусад авиа компаниудыг нисгэх зэрэг нийтлэг санал хүсэлт, шаардлагыг ЭСЯ-наас УОК-т тухай бүр танилцуулж ирсэн. ЭСЯ нь УОК-ийн чиглэлийн дагуу 6 дугаар сарын 18-ны нислэгээс эхлэн тусгай үүргийн нислэгүүдэд үндсэн 5 шалгуурт хамаарч буй иргэдээс гадна эдгээр шалгуурт хамрагдахгүй байгаа хүнд нөхцөл байдалтай байгаа бусад иргэдийг аль болох түлхүү хамруулах чиглэлийг баримталж байна.
БНСУ-аас нутаг буцах хүсэлт гаргасан иргэдийн жагсаалт 2020.07.10-ны байдлаар
МОНГОЛ УЛСААС БНСУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
2020.07.12