Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Төрийн далбааны өдөр Баян-Өлгий аймаг байгуулагдсаны 80 жилийн ойг тохиолдуулан Өлгий хотын төв талбайд сүндэрлэсэн Монгол Улсын баатар Мазимын Икейн хөшөөний нээлтийн ажиллагаанд Зэсвэгт хүчний 331 дүгээр ангийн  хүндэт харуул жагсаж, цэцэг өргөжээ.

Цэцэг өргөх ёслолын ажиллагаанд Баян-Өлгий аймгийн удирдлагууд, ахмад дайчид, тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагууд, ард иргэд оролцож хүндэтгэл үзүүллээ.

Монгол Улсын баатар Мазимын Икей нь 1911 онд Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нутагт малчин ард Мазимын хоёр дахь хүү болон мэндэлж, 20 насандаа өөрийн хүсэлтээр Монгол ардын хувьсгалт цэрэгт мордсон казак түмний анхны цэрэг юм.

Тэрээр Халхын голын дайны үед VI морьт дивизийн сумангийн захирагчаар алба хааж байхдаа 1939 оны 8 дугаар сарын 24-нд Гөлөгт Манханд болсон тулалдаанд хориглолтыг эзэлж авахад гарамгай гавьяа байгуулан баатарлагаар тулалдаж, амь эрсдэн эх орноо хамгаалсан зоригт хөвгүүдийн нэг билээ.

БНМАУ-ын Ардын Их Хурлын 1979 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн тэргүүлэгчдийн 19 дүгээр зарлигаар Мазимын Икейд “БНМАУ-ын баатар” цол нэхэн олгож байжээ.                                                                                

Ахлах дэслэгч Ч.Далантай

Таны сурталчилгаа