Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Мобиком” ХХК-ийн ерөнхий захирал Тацуяа Хамадаг хүлээн авч уулзлаа. Уулзалтад НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг, Мэдээлэл Технологийн газрын дарга О.Чинзориг, нийслэлийн Засаг даргын зөвлөх М.Мэнд-Очир  болон “Мобиком ХХК-ийн дэд захирал Э.Эрдэнэсүх,  Маркетинг хариуцсан Дэд захирал Курушима нар байлцав.

Тацуяа Хамада уулзалтын эхэнд Ковид-19”-ийн үед болон нийгмийн хариуцлагын хүрээнд амжилттай хийж гүйцэтгэсэн төслүүдээ товч танилцуулаад төрийн үйлчилгээний портал систем “e-mongolia” хөтөлбөрт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Мөн төрийн үйлчилгээг авах боломжтой гар утасны болон компьютерийн апликэйшн нэвтрүүлж, сим дээр суурилсан мэдээллийн аюулгүй байдлыг хангасан программыг үргэлжлүүлэн хөгжүүлж байгаагаа дурьдлаа.

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нийгмийн хариуцлагын хүрээнд хотын соёлд эерэгээр нөлөөлсөн олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн талаар онцлон хэлээд цаашид бүх чиглэлд хамтран ажиллах боломжтой гэдгээ хэллээ. Хурлын үеэр талууд төрийн үйлчилгээний портал систем “e-mongolia” хөтөлбөр болон харилцаа холбооны дэд бүтцийг харилцан ашигтайгаар ашиглах талаар санал солилцлоо.

 Эх сурвалж : Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Таны сурталчилгаа