Цаг үеийн мэдээ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын бодлогын шинэчлэлд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх тэгш хөгжих боломжийг ижил, тэгш хангах талаар тусгасан. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам цахим яам болохоор зорилт тавин ажиллаж байгаа. Үүний хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв болон Сэргээн засах төвийн үйлчилгээг цахимжууллаа.

Цахим системийг нэвтрүүлснээр эмнэлгүүд мэдээллээ түргэн шуурхай солилцож, хөгжлийн бэрхшээлтэй иргэд тусламж үйлчилгээ авах, дараалал, дугаар захиалах, чаат, дуу, дүрстэй шууд холбогдох, эмч эрүүл мэндийг хянах, цахимаар мэдээлэл, зөвлөгөө өгөх зэрэг олон давуу тал бий болж байна. Мөн үйлчлүүлэгчийн карт, эрүүл мэндийн нэгдсэн мэдээллийн сан бүрдэж улсын хэмжээний нэгдсэн сүлжээнд холбох боломж бүрдэж байгаа юм.

Цахим эмнэлгийн нээлтийн үйл ажиллагаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал, ХБХХЕГ-ын дарга Э.Тамир, ХБХСЗХТ-ийн дарга Р.Галбадрах болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв нь хэвтэн эмчлүүлэх 250 ортой өдөрт нийт 500 хүүхдийг хүлээн авч сэргээн засах эмчилгээ, үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлэх бүрэн хүчин чадалтай. Орчин үеийн техник технологи, тоног төхөөрөмжөөр хангагдсан цогц үйлчилгээтэй төв.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Азийн хөгжлийн банкны “Хүнс тэжээл, нийгмийн халамжийн нэмэлт санхүүжилт төсөл”-тэй хамтран ХБХСЗХТ, СЗСҮТ-ийн эмнэлгийн үйлчилгээг цахимжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүндрэл чирэгдэлгүй, түргэн шуурхай үйлчилгээг хүргэх нөхцөлийг бүрдүүлж байна.

Таны сурталчилгаа