Цаг үеийн мэдээ

Шүүгч асан Л.Бямбаагийн үхэлд буруутгагдаад буй  Г.Сүхболд нарын таван хүнд холбогдох хэргийн шүүх хуралдааныг ирэх 11-р  сарын 2-н хүртэл хойшлуулав.

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар /Хууль сахиулагч яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлээгүй хайнга хандах/ яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Сүхболд нарын 5 шүүгдэгчид холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр 09:00 цагт товлоод байсан юм. 

Шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн зүгээс Ш.Батхүү нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр оролцож, шүүх хуралдаан үргэлжилж байх тул Г.Сүхболд нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт ирүүлсэнийг шүүх хүлээн авчээ. Улмаар уг шүүх хуралдааныг ирэх сарын 02-ны өдрийн 13.30 цаг хүртэл хойшлуулав.

Хэргийг эргэн сануулахад, Авлигатай тэмцэх газар Салхитын мөнгөний ордын эзэмшигч нартай холбоотой хэргээр 2019 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр хойшлуулшгүй ажиллагаа явуулж, нэр бүхий таван иргэнийг саатуулан баривчилсан. Тэдний дунд гавьяат хуульч Л.Бямбаа агсан байсан бөгөөд тухайн өдөр мөрдөн шалгах албаныхан талийгаачийн зуслангийн байр, гэр болон ажлын байр болох “Консент” хуулийн фирмийн оффист нэгжлэг явуулж, хэрэгт холбоотой нотлох баримтуудыг хураан авсан юм.

Улмаар Л.Бямбааг эрүүгийн хоёр ч хэрэгт холбогдуулан, яллагдагчаар татаж, хойшлуулшгүй арга хэмжээ авч 48 цаг Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон. Харин түүнийг суллах үед амралтын өдөр таарсан учир прокуророос яллагдагчийг суллах тогтоол үйлдэн, хорих ангиас гаргахаар очиход тэрээр харамсалтайгаар амиа алдсан байсан юм. Энэ хэрэгтэй холбогдуулан тухайн үед ШШГЕГ ажиллаж байсан Г.Сүхболд нарын дөрвөн хүнд ийн  эрүүгийн хэрэг үүсгэсэн юм.

Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Таны сурталчилгаа