НБОГ, НЭМГ, АБТГ хамтран агаарын бохирдол, угаарын хийн хордлого болон цаг үеийн бусад асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Есөн сарын 15-ны өдрөөс хойш Нийслэлийн хэмжээнд нийтдээ угаарын хийн хордлогын 485 дуудлага ирснээс 213 нь бага насны хүүхэд, 272 нь насанд хүрэгчид байна.
Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Өчигдөр /10.21/ угаарын хийн хордлогоос болж иргэн 54 настай О амь насаа алдаж, 68 настай иргэн О, 55 настай эрэгтэй Т нарын биеийн байдал хүнд байна. Тус хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж байна. Мөн нэг өрхийн дөрвөн иргэн угаарын хийнд хордсон гэх дуудлагыг өгсөн. Үүний хоёр нь хүүхэд, хоёр нь насанд хүрэгч байсан. Нийслэлийн түргэн тусламж нь нэг насанд хүрэгч иргэнд зөвлөгөө өгч гэрт нь үлдээсэн бол Улсын нэгдсэн төв эмнэлэгт нэг насанд хүрэгчийг хүргэж, эмчилгээ хийж байна. НБОГ, ЦЕГ, НЭМГ, АБТГ, Таван толгой түлш компаний ажилчид гэр хорооллын иргэдэд галлагааны аюулгүй байдал, битүүмжилэл дээр тасралтгүй зөвлөгөө өгч ажиллаж байна. Сүүлийн үед архи согтууруулах ундаанд хордсон иргэд угаартсан гэх худал мэдээллийг өгөх боллоо. Тиймээс иргэд хуурамч дуудлага өгөхгүй байж холбогдох байгууллагуудын өгсөн заавар зөвлөгөөг чанд сахих хэрэгтэй” гэлээ.