Цаг үеийн мэдээ

Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Итгэмжлэгдсэн лаборатори нь сүүлийн гурван жил дарааллан гэр хорооллын айл өрхийн худгийн усыг хими, нян судлалын шинжилгээнд хамруулан ажиллаж байна. Энэ жил гэр хорооллын 40 айлаас 40 усны дээж авч 300 үзүүлэлтээр шинжилгээ хийхэд химийн шинжилгээний 95%, нян судлалын шинжилгээний 20% нь эрүүл ахуй стандартын шаардлага хангаагүй байна.

Тухайлбал: Шинжилгээнд хамруулсан худгийн усанд фторын агууламж их, бага, төмөр, хатуулаг кальци, магни, аммони зөвшөөрөгдөх хэмжээнээс их, нянгийн бохирдолттой гэдэсний савханцар бактериар бохирлогдсон байжээ.

Гэр хорооллын худгийн усны гүний түвшин нүхэн жорлонгийн түвшинтэй ойролцоо байдаг бөгөөд ахуйн бохир усыг хөрсөнд шууд асгадгаас шалтгаалан өнгөн хөрс бохирдож хүн амыг өвчлүүлэх шалтгаан болдог байна.

Ус нь нян бактерийг өсгөн үржүүлэх таатай орчин болдог тул усыг удаан хугацаагаар хадгалахгүй байх, ус агуулах савыг угааж ариутгах, усыг тогтмол буцалгаж, шүүж хэрэглэн гэр бүлийнхээ эрүүл мэндийг хамгаалж Covid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх шаардлагатай аж.

Иймд өнгөн хөрсний усыг ундны усны зориулалтаар хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

 

Таны сурталчилгаа