МҮОНРТ-ийн уран бүтээлчид Захирлуудын зөвлөлөө огцруулахаар мэдэгдэл хийж, баримтуудыг дэлгэлээ. Тэдний мэдээлж буйгаар “МҮОНРТ хувийнх биш, олон нийтийнх. Ялгаварлан гадуурхалт, ажлын байрны дарамтаа зогсоо. Тагнаж, чагнахаа зогсоо. Бид гэмт хэрэгтэн биш. Хөдөлмөрийн үнэлэмжийн тэгш бус байдлыг зогсоо” гэв.
Мөн ажилчид, уран бүтээлчид "Цаашид энэ байгууллагыг удирдах чадамжгүй болсон Захирлуудын зөвлөлийг огцруулахыг шаардаж байна. Шаардлагыг 2020 оны аравдугаар сарын 22-ны өдөр Үндэсний зөвлөл хуралдаж шийдвэрлэнэ үү. Энэ шаардлагыг эс биелүүлбэл эсэргүүцлийн тэмцэл өрнүүлэн, дараагийн шатанд шилжихийг мэдэгдэж байна" хэмээн гарын үсэг зурсан байна.
Үзэгчдэд шинэ контент хүргэх боломжгүй байна, ялгаварлан гадуурхалт буюу тэгш бус харилцаа нүүрлээд байна хэмээн 156 хүн буюу 60,5 хувь нь хариулсаныг, одоо ажиллаж байгаа удирдлагын багт ямар ч ёс зүй алга хэмээн 144 хүн буюу 56,2 хувь нь хүлээн зөвшөөрсөн гэдгийг онцолсон юм.
Түүнчлэн "Телевизийн нэвтрүүлэг уран бүтээлд ирж байгаа оролцогчдын дуу, дүрсийг өндөр хүчин чадал бүхий хяналтын камераар бичдэг. Эдгээр камерыг сонгуулийн өмнө буюу тавдугаар сараас эхлэн ажиллуулсан. Энэ нь хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль болон Хувь хүний нууцын тухай хууль, Олон улсын хүний эрхийн тухай конвенцын хэд хэдэн заалтыг зөрчиж байна. Мөн гүйцэтгэх ажлын тухай хуулийг зөрчсөн гаж үйлдэл гэж үзэж байна” гэлээ.