Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн иргэн С.Бадампүрэв, Э.Содномбаярын гэр бүл энэ оны тавдугаар сарын 14-ний өдөр гурван ихэр хүүтэй болсон. Энэ нь 2020 онд гурван ихэр хүүхэд төрсөн анхны тохиолдол юм.
Улмаар орон нутгийн зүгээс ихрүүд болох Б.Бэлэгсайхан, Б.Элбэгсайхан, Б.Төвшинсайхан нарыг мялааж, тус гэр бүлд гурван өрөө байрны дэмжлэг үзүүллээ.
Энэ онд ашиглалтад орсон 77 мкв талбай бүхий гурван өрөө байрыг 12 дугаар сарын 02-ны өдөр аймгийн удирдлагууд залуу гэр бүлд албан ёсоор хүлээлгэн өгсөн юм.С.Бадампүрэв, Э.Содномбаяр нар нь “Мөст цэвэрлэг булаг” ХХК-д ажилладаг. Тус компанийн зүгээс залуу гэр бүлд мөнгөн тусламж олгосон ба уг орон сууцны барилгыг барьсан “Элбэг гүн” ХХК-тай хамтран байраа тохижуулахад дэмжлэг үзүүлж байгаа аж.
Ховд аймаг нь 88.078 хүн амтай. Тэгвэл 2019 оны судалгаагаар Ховд аймгийн хэмжээнд 571 ихэр иргэн буй. Үүнээс Жаргалант суманд 232 ихэр иргэн бүртгэгджээ.