Цаг үеийн мэдээ

Саяхан Парис-2024 Зуны XXXIII олимпийн наадмыг Зохион байгуулах хороо, Олон улсын олимпийн хорооны хамтарсан хуралдаан болов. ЗБХ-ны Ерөнхийлөгч Тони Эстангье “Бид цар тахлын дараах олимпийн жинхэнэ өөдрөг дүр төрхийг илтгэсэн, шинэ эриний уриа дуудлага бүхий шинэ наадмыг зохион байгуулах болно. Түүнчлэн ивээн тэтгэгч, түнш байгууллага, хувь хүмүүстэй нягт хамтран, “Terre de Jeux 2024” (Наадмын нутаг), “Le Club Paris” (Дэмжигчдийн клуб), “Impact2024” (Түлхэц) зэрэг төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Франц улс, Парисын оршин суугчид, түүний дотор хагас сая хүүхэд залуучуудыг олимпизмийн үйлсэд татан оролцуулах чиглэлээр тодорхой ажил төлөвлөсний дагуу 1,7 тэрбум евро зарцуулах төсөв баталсан. Мөн ОУОХ, Олон улсын спорт холбоодтой байнгын холбоотой ажиллахын зэрэгцээ тэмцээн уралдааны ордон танхимын бүтээн байгуулалт хэвийн үргэлжилж байна” гэж мэдэгдэв. ОУОХ-ны Зохицуулах комиссийн дарга Пьер-Оливер Бекерс-Вьюжон (Бельги) нь Парис-2024 олимпийн бэлтгэл жигд хурдацтай урам зоригтой урагшилж, уян хатан, бүтээлч хандлагыг харилцан уялдаатай удирдлага болгон, спортын хөтөлбөр, өв соёлын санаачилга, түншүүдэд үзүүлэх үр нөлөө зэрэг амин чухал асуудлыг шуурхай оновчтой шийдэж буйг өндрөөр үнэлэв. Зуны XXXIII олимпийн наадам нь 2024 оны долдугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ны өдрүүдэд Францын нийслэл Парис хотноо болно. Өмнө нь 1900 онд Парис хот Зуны II олимпийн наадмыг зохион байгуулсан түүхтэй.

Таны сурталчилгаа