Цаг үеийн мэдээ

Дэлхийн нүүдлийн урлагийн “GNAP-2020” үзэсгэлэн Монгол Улс болон БНСУ-ын Гонжу хотноо өнөөдөр цахимаар нээлтээ хийж байна.

Соёлын яамнаас санаачилж буй “Байгальд ээлтэй Монгол соёл аян”-ы хүрээнд БНСУ-ын “Korean Nature Artists’ Association-YATOO” нийгэмлэг, Монголын Байгалийн уран бүтээлчдийн холбоотой хамтран “Дэлхийн нүүдлийн урлагийн төсөл GNAP-2020” олон улсын хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэхээр болсон юм. 

Энэхүү хөтөлбөрийг Франц, Монгол, Солонгос улсад хэрэгжүүлэхээр төлөвлөсөн боловч “COVID-19” халдварын улмаас энэ жилийн хамтарсан үзэсгэлэнг ийнхүү онлайн хэлбэрээр явуулж буй.

Үзэсгэлэнд Монгол Улс, БНСУ, Франц, Австрали, ХБНГУ, Унгар, Бүгд Найрамдах Итали Улс, Бүгд Найрамдах Индонез Улс, Бүгд Найрамдах Энэтхэг зэрэг 9 орны 20 гаруй уран бүтээлчийн уран бүтээлийг дэлгэхээр болжээ.

БНСУ-ын YATOO групп нь орчин үеийн дүрслэх урлагийн чиглэлээр төсөл хэрэгжүүлэгч томоохон олон улсын ТББ бөгөөд “Дэлхийн нүүдлийн урлагийн төсөл” -ийг 2014 оноос Солонгос, Энэтхэг, Өмнөд Африк, Иран, Болгар, Румын, Унгар, Герман, Франц, Литва, Турк, Англи, Мексик, Итали зэрэг улсад хэрэгжүүлээд байна.

“Korean Nature Artists’ Association -YATOO” нийгэмлэг нь 1981 онд байгуулагдсан одоо олон улсад танигдсан томоохон төрийн бус байгууллага. 2021 онд тус хөтөлбөрийг Монгол Улсад “GNAP-2021 MONGOLIA” хэрэгжүүлэхээр зорьж байгаа аж.

Энэхүү төсөл хэрэгжүүлснээр олон улсын уран бүтээлчид Монголын нүүдлийн соёл, түүх ёс заншил, Монгол орны байгалийн үзэсгэлэн, хөдөө нутгийн өвөрмөц онцлог, зан заншлыг орчин үеийн дүрслэх урлагаар дамжуулан дэлхий дахинаа таниулан сурталчлах ач холбогдолтой юм. Түүнчлэн Монгол Улсын соёлын харилцааг хөгжүүлэх, олон улсад сурталчлах, цаашлаад дэлхий нийтийн анхаарал татсан асуудал болж буй байгаль орчин, экологийн үнэ цэн ач холбогдлыг  олон улсын уран бүтээлчид хамтран түгээн таниулахад хувь нэмэр оруулах юм. 

Таны сурталчилгаа