Баянгол дүүрэгт “COVID-19” халдварын батлагдсан 24 тохиолдол бүртгэгдсэн. Үүнтэй холбогдуулан иргэдээс ирж буй “КОВИД-19” халдварын тохиолдлууд хаанаас илэрч байгаа вэ гэх асуултыг Баянгол дүүргийн “Эрүүл мэндийн төв”-ийн дарга З.Балдандугараас тодрууллаа.
Тэрбээр, “Баянгол дүүргийн хэмжээнд ЭМЯ болон НЭМГ-аас өгсөн заавар, зөвлөмжийн дагуу 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн “COVID-19” халдварын тандалт, шинжилгээнд ХӨСҮТ, ЗӨСҮТ-тэй хамтран дүүргийнхээ 20 000 орчим иргэнийг хамруулаад байна. Өнөөдрийн байдлаар Баянгол дүүргийн найман хорооноос нийт 24 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн. Эдгээр тохиолдлууд нь голомтлон үүссэн тохиолдол биш бөгөөд тусгаарлалтад байгаа ойрын болон дам хавьтлуудаас илэрсэн.
Дүүргийн хэмжээнд сайн дурын шинжилгээг 11 ӨЭМТөвүүдэд, зорилтот бүлгийн шинжилгээг “Эмүжин” төв, 20, 46-р сургууль дээрх цэгүүдэд авч илрүүлэг болон тандалт хийж байна. Мөн зорилтот бүлгийн тандалтын хүрээг өргөтгөж 13-р сургууль, УБТЗ-ын “Замчин” спорт хороо зэрэг хоёр цэгийг нэмж, нийт таван цэгт “COVID-19” халдварын шинжилгээ тандалтын ажлыг үргэлжлүүлж байна. Иймд иргэд тандалт, шинжилгээндээ идэвхтэй хамрагдан, шинжилгээ өгөхөөр ирэхдээ халдвар хамгааллын дэглэмээ чанд сахихыг зөвлөе” гэлээ.